Энгийн хүн байх МИНИЙ ҮНЭ ЦЭН
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Будда хүртэл 29 нас хүртлээ энэ ертөнцийг энгийн хүний амьдралаар туулсан гэх үг бий. Бодоод байхад би хэзээ ч энгийн хүн байх талаар бодож байгаагүй юм шиг байна.
Багадаа алдартай хөлбөмбөгчин болно гэж, өсвөр насандаа түүхийн багш, харин оюутан болсноос хойш хуульч, улмаар шүүгч болно доо л гэж зүтгээд явжээ. Хуульчдын мэргэжлийн шалгалтад ч гуравдугаар байр эзэлж байлаа. Энэ бүхэн бол “Тэнд л сайхан амьдрал байгаа” гээд "оргилд л байх" гэж бодоод байсных шүү дээ.
Энгийн хүн бай гэхээр “Into the Wild” кинонд гардаг шиг амьдралаас хол, ой шугуйд очоод амьдрах тухай мэдээж биш л дээ. Өдөр болгон хийдэг зүйлээ л хийгээд амьдрахын нэр бол бүр ч биш. Өөрт байгаа том эгогоо дарах, өөрийгөө хүчлэхгүй, бусдад төвөг болохгүй байх тухай л юм билээ. Бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, жаргалтай зовлонтой аль ч үед өөрийн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурах нь үнэхээр чухал ухаан юм байна.
Учир нь, хүн угтаа үргэлж баяр жаргалтай байх боломжгүй. Мөн үргэлж эерэг байж, үргэлж сайн сайхан зүйл тохиолдоод байхгүй шүү дээ. Харин ч уйтгар гунигтай, түгшүүртэй, баяр жаргалтай бүхий л мэдрэмжийг нэгэн адил хүлээн зөвшөөрч өөрийгөө бие хүн болгон төлөвшүүлж чадвал тэр л "жинхэнэ оргил” хэмээн боддог болсон.
Би "Эрдэнэс Монгол" компанид ажилладаг. Боловсролтой, өөрийгөө төлөвшүүлж чадсан, "оргилд хүрсэн" олон шилдэг залуустай нэг баг болон ажиллаж байгаагаараа бахархдаг.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Хууль, хүний нөөцийн
газрын хуульч Оюун-Эрдэнийн Тэлмүүн