Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-27 20:19:39

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь баруун таван аймаг, нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт ажилласан бол өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа.


Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Эдийн засаг 6.8 хувиар өсөж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, нэг хүнд ногдох ДНБ 7,000 ам.доллар, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэлэв.

Олон орны төрийн тэргүүн, хаан айлчлан ирж, гадаад харилцаа шинэ шатанд гарахын хэрээр улсын нэр хүнд олон улсад өсөн бэхжиж, түүх, соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэлээ.


Баянзүрх дүүрэг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, томоохон эмнэлэг, их сургууль, аж ахуйн нэгж, зах, худалдааны төв, түүх, соёлын дурсгал, усны ундарга, байгаль, экологийн үзэсгэлэн цогцолсон газар олонтой. Эдгээртээ түшиглэн хамтын хүч, нэгдсэн зорилго, хариуцлагатай оролцоонд тулгуурлан иргэдийнхээ ая тухтай амьдралын орчинг бүрдүүлсэн дүүрэг болох зорилт тавьсныг Засаг дарга Г.Жаргалсайхан хэллээ.


Сүүлийн таван жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 цэцэрлэг, 2 сургууль, 5 эмнэлэг, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвүүд ашиглалтад орсон. Мөн 80 гаруй километр авто зам тавьсан нь алслагдсан гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрахад үр дүнгээ өгчээ.


“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна “Экстрем”, “Дарь-Эхийн цэцэрлэгт хүрээлэн”, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” зэрэгт мод тарьж, Мод үржүүлгийн газруудаа байгуулсан байна. Сүүлийн таван жилд 420,000 ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулан нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмж чаджээ.


“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ногоон өдрүүд”, “Сүү” хөтөлбөр, “Эрт илрүүлэг”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хөтөлбөр”, “Бидний ирээдүй”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн жил”, “Айл бүрийн хашаанд 10 мод” аян өрнүүлээд байна.


Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг эхнээс нь дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр “Чингис хаан” үндэсний музей, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хаягдал ус боловсруулах үйлдвэр ашиглалтад орсныг дурдлаа.


Удахгүй Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв, Уламжлалт анагаах ухааны үндэсний төв, Сувилахуйн сургалт, судалгааны төв, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт ид өрнөж, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орох гэж байна.


“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 62 нь Баянзүрх дүүргийнх юм. Эдгээр хүүхэд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улсынхаа хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч хэллээ. Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.


Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн зөвлөх багш Намсрайн Маяа, “Маргаашийн одод” цэцэрлэгийн эрхлэгч Лүндэнгийн Бямбаахүү, Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн захирал Борын Эрдэнэчимэг нарт Гавьяат багш, “Ачитсайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, хүүхдийн эмч Товуудоржийн Аваргад Хүний гавьяат эмч, “Хүрэн цаст” мал эмнэлгийн захирал, Хөдөө аж ахуйн ухааны доктор Далхын Дэлэгнямд Гавьяат мал зүйч цол хүртээлээ.


Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.




Холбоотой мэдээ