ОРХОН: "Хаврын баяр-2026” бүжгийн урлагийн хөгжлийг илэрхийлж байна
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд “Бүх хайраа гэр бүлд” уриан дор “Хаврын баяр-2026” цэнгээнт бүжгийн улсын уралдаан үргэлжилж байна.
Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Улаанбаатар хотоос олон бүжигчин хүрэлцэн ирж, энэхүү наадамд авьяас, ур чадвараа сорин оролцож байна. Энэхүү уралдаан нь цэцэрлэгийн наснаас ахмад хүртэлх бүх насны ангиллыг хамарч, бүжгийн төрөл жанрын өргөн хүрээнд зохион байгуулж байна. “Өсөх-Ирээдүй”, “Оюу талст”, “Смайл”, “Стар”, “Оч”, “Ритмо”, “Dance move”, “MOON KISS”, “Оддын жигүүр”, “Silver moon” зэрэг хамтлаг оролцож, авьяас, ур чадвараараа өрсөлдөж байна.
Наадмын санаачлагч, МУСГЗ Д.Ганчулуун “1994 онд цэнгээнт бүжгийг хөгжүүлэхээр эхлүүлсэн ажил маань өнөөдөр 30 жилийн ойтойгоо золгож байна. Бид өнөөдөр бүжгийн өв соёлоо дараагийн үедээ хүлээлгэн өгч байна. Тодруулбал, миний шавь Дуу, бүжгийн Эрдэнэт чуулгын бүжгийн багш, МУСТА Х.Эрдэнэбаярт өөрийн 30 жилийн түүх, өв соёлыг Эрдэнэтийн ирээдүй болсон өсвөр үеийн хүүхдүүдийн хамт хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ нь уран бүтээлчид, эцэг эхчүүд, бүжгийн спортыг дэмжигч байгууллага, хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүн юм” хэмээв.
Монголын бүжгийн спортын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч Б.Нямдорж “Энэ удаагийн наадмын онцлог нь бүх насны ангиллыг хамруулж, бүжгийн төрөл жанрыг өргөжүүлсэнд оршиж байна. Бүжгийн урлаг орон нутаг болон олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж буйн тод жишээ нь энэхүү наадам юм” хэмээлээ.
Ийнхүү “Хаврын баяр-2026” бүжгийн улсын уралдаан нь урлагийн гоо сайхныг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ үе үеийн бүжигчдийг нэгтгэсэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болон үргэлжилж байна.
Цэцэрлэгийн насны ангилалд 14 цэцэрлэгийн 14 хамтлагийн 224 бүжигчин оролцсоноос тэргүүн байрт Орхон аймгийн “Оюу” цэцэрлэгийн “Жавхаа” хамтлаг шалгарлаа. Хоёрдугаар байрт мөн “Оюу” цэцэрлэгийн “Цэцэгс” хамтлаг, гуравдугаар байрт 10 дугаар цэцэрлэгийн “Дэлбээ” хамтлаг тус тус шалгарсан байна.
Уралдаан энэ сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.















