ОРХОН: “Эрдэнэт” чуулгынхан 10 жилийн дараа Улаан-Үд хотод тоглолтоо толилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-27 21:34:15

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын дэргэдэх дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид энэ сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод уран бүтээлээ толилууллаа.

 

“Мелодия степи и Байкала” тоглолтоо ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амжилттай зохион байгуулж, Хоц Намсараевын нэрэмжит Буриад Улсын Драмын Эрдмийн Театр, Буриадын их сургуулийн Концертын танхим, Иволгийн дүүргийн Соёлын ордны тайзнаа үзэгчдэд хүргэлээ. 


Уран бүтээлчдийн багийг Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулга нар удирдан ажиллаж, тоглолт халуун дулаан уур амьсгал дунд амжилттай болж өндөрлөжээ.


Тоглолтыг амжилттай зохион байгуулахад Буриад Улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаева, Хоц Намсараевын нэрэмжит Буриад Улсын Драмын Эрдмийн Театрын захирал Цыпилма Петровна Очирова, уран сайхны удирдагч Олег Лубсанжапович Юмов, театрын уран бүтээлчид мөн Г.Цыдынжаповын нэрэмжит Буриад Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, Буриад Улсын Ардын жүжигчин Намхайн Мөнхзул нар хүлээн авч, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

 

Мөн Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа дэд консул Ч.Батбилэг тоглолтыг хүрэлцэн ирж үзэж, уран бүтээлчдэд баяр хүргэн, цаашдын уран бүтээл, үйл ажиллагаанд нь амжилт хүссэн байна.


“Эрдэнэт” чуулга нийт 27 уран бүтээлчтэй бөгөөд өмнө нь Улаан-Үд хотод тоглолтоо хийж байжээ. Харин энэ удаад 10 гаруй жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж, уран бүтээлээ амжилттай толилуулжээ.






 



Холбоотой мэдээ