Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг
нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, томоохон бүтээн
байгуулалтын ажлыг идэвхжүүлэхээр болов. Зээлийг үр ашигтай бүтээн байгуулалтад
зарцуулах нь зүйтэй. Бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхдээ юуны өмнө нийтэд
сайтар таниулах нь чухал гэдгийг бүлгийн гишүүд онцлов.
Хоёрдугаарт, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг
хэлэлцэв. Хууль санаачлагчид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг
1995 онд батлаж, тухайн үеийн эдийн засгийн шилжилтийн нөхцөлд нийцсэн
зохицуулалттай байсан боловч өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын
бодлого, төр‑хувийн хэвшлийн түншлэл, олон улсын худалдаа, өрсөлдөх чадварын
шаардлагад бүрэн нийцэхгүй болсон гэж үзсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэн
баталснаар танхимын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ. Хувийн хэвшлийн дуу хоолой
бодлогын түвшинд институцын баталгаатай болно. Бизнесийн орчны тогтвортой
байдал, ил тод байдал сайжирна. Аймаг, салбарын танхимуудын уялдаа, хариуцлага
нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт болон эдийн засгийн орчинд эерэг нөлөө үзүүлэх аж. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд
хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлгийн түвшинд тодорхой заалтыг сайжруулах ёстой гэж
үзсэн байна.
Түүнчлэн хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгэм, эдийн
засгийн хүлээлтийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, Монгол
Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж,
хэлэлцэхээр боллоо.