УВС: Бөхөн нутаглаж буй бүсийг хамгаалалтад авах санаачилга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-27 16:25:46

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол бөхөн хамгаалах өдөр энэ сарын 23-нд тохиолоо. 


Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2025 оны 11 дүгээр сард хийсэн судалгаагаар Увс аймгийн Завхан, Наранбулаг суманд 778 бөхөн тоолжээ.


2024 онд дээрх сумдад 720 гаруй бөхөн бүртгэгдэж байсан бөгөөд энэ онд тоо өссөн нь байгалийн өсөлтөөс илүүтэй шилжилт, нүүдлийн хөдөлгөөнтэй холбоотой байна.


Дэлхийд монгол бөхөн, соргог бөхөн гэсэн хоёр зүйл бөхөн байдгаас монгол бөхөн нь зөвхөн Монгол Улсад нутагладаг. Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд бага хэмжээгээр өсөж байгаа ч хууль бус агнуур, бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин зэрэг олон хүчин зүйлийн улмаас амархан хорогддог, эмзэг амьтанд тооцогдож байна.


Цээжин биеэ бөгтийж, толгойгоо газарт шахам гудайлган хурдтай давхидаг энэ амьтныг “бөхөн” хэмээн нэрлэсэн нь оновчтой нэршил юм. Бөхөн устах нь байгаль дахь амьтан, ургамлын уялдаа холбоог алдагдуулж, олон зүйл амьтан даган устах эрсдэл үүсгэхийн зэрэгцээ ургамлын бүрхэвч доройтож, хөрсний үржил шим буурах аюултай.


Увс аймгийн Байгаль орчны газар иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулахаас гадна бөхөн нутаглаж буй бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах санаачилга гарган ажиллаж байна. Түүнчлэн бөхөнгийн судалгаа, мониторинг хийх, өвлийн улиралд бэлчээрлэж буй газарт нь идэш тэжээл хүргэх зэрэг хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлсээр иржээ.


Холбоотой мэдээ