ОРХОН: Цагаан тоос дарах ажлын явцтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо, Байгаль орчны газар, Баян-Өндөр болон Жаргалант сумын ЗДТГ-ын удирдлагууд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд ажиллалаа.
“Эрдэнэт үйлдвэр” цагаан тоос дарах ажлыг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй хэрэгжүүлж байна.
Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, хуурайшилттай талбайг багасгах зорилгоор хаягдал булингар болон усаар норгох, тусгай зориулалтын урвалжууд болох Magnofloc-336, “Pitrosoil” полимер, кальцийн хлорид (CaCl₂)-ийг техник хэрэгслээр цацах, мөн намираа хоолойгоор усалгаа хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Хаягдлын аж ахуй нь нийт 2000 гаруй га талбайг хамардаг бөгөөд үүнээс 1000 гаруй га нь хуурай, 200 орчим га нь цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс юм. Өнөөдрийн байдлаар хуурай талбайн 80 хувийг тусгай бодисоор дарж, тоосжилтыг бууруулаад байна.
Гэсэн хэдий ч Хаягдлын аж ахуй хаагдаагүй, үйлдвэрлэл тасралтгүй явагдаж байгаа нөхцөлд жил бүр хуурай талбай дахин үүсдэг онцлогтой. Иймээс Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосжилтыг бууруулах зорилгоор зам, талбайг услах, хөрсөөр хучих, салхины чиглэлийг сааруулах, ногоон зурвас байгуулж мод тарих, тусгай зориулалтын бодисоор гадаргууг бэхжүүлэх зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд цагаан тоос дэгддэг талбайг флокулянттай булингаар хучих, полимер бодисоор дарах зэрэг хэд хэдэн арга хослуулан хэрэглэж, зориулалтын техник ашиглаж байна.




