Сансрын нисэгч М.Ганзоригийн эрдмийн өвийг хоёр ботиор эмхэтгэн гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-25 14:09:08

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын нисэгч М.Ганзориг” номын нээлт ШУА-д өчигдөр боллоо.


Монгол хүн анх сансарт нисэж, нислэгийн явцад олон сонирхолтой туршилт, судалгааны ажил гүйцэтгэсэн билээ. Эдгээр судалгааны үр дүнг цаашид боловсруулж, бодит хэрэглээ, бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх ажлыг сансрын нисэгч М.Ганзориг амжилттай хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Монгол Улсад сансрын мэдээлэл боловсруулах, зайнаас тандан судлах, мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлийн анхны суурийг тавьжээ. Түүний эхлүүлсэн энэ ажлыг монгол залуус үргэлжлүүлэн хөгжүүлж байна. 


Тухайлбал, Шинжлэх Ухааны Академийн харьяанд хоёр судалгааны нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Математик, тоон технологийн хүрээлэн нь зайнаас тандан судлал, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа бол Газар зүй, геоэкологийн хүрээлэнд сансрын мэдээлэл боловсруулах лаборатори академич Д.Амарсайханы удирдлага дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.


Сансрын нисэгч М.Ганзоригийн амьдралын замнал, хийж бүтээсэн эрдмийн ажлыг хоёр боть номд эмхэтгэн, түүх болгон үлдээж байна.  Энэхүү бүтээл нь ирээдүй хойч үеийн залуу эрдэмтэн судлаачдын ширээний ном болж, тэдний эрдэм мэдлэгийн замыг гэрэлтүүлэх нь дамжиггүй. Ийнхүү Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, доктор, профессор М.Ганзоригийн амьд ахуйдаа туурвисан эрдмийн өв хоёр боть ном болон мөнхрөн үлдэж буйг эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэж байна.


М.Ганзоригийн гэргий Ц.Ломбодагзал, “Би нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж, үр хүүхдүүдтэйгээ хамтран энэ номыг хэвлүүлэн гаргаж байгаадаа маш их баяртай байна. Энэ номд ханийн маань бага наснаас эхлээд эрдэм шинжилгээний ажлууд, амьдралынх нь сүүлийн мөч хүртэлх бүхий л замнал багтсан.  М.Ганзориг маань анх харахад нэлээд ширүүн, дуу цөөнтэй хүн шиг санагддаг байсан ч үнэндээ их хөгжилтэй, алиа хошин зантай, бусдыг баясгаж чаддаг хүн байлаа. Бид гэр бүлээрээ үргэлж инээд хөөр дүүрэн, сайхан уур амьсгалтай амьдардаг байсан. Тэр минь үнэнч бай, сэтгэлтэй бай, хэзээ ч бүү хуурч мэхэл, байгаагаараа байж, хүн чанараа эрхэмлэж яваарай хэмээн үр хүүхдүүддээ үргэлж захидаг байсан” хэмээв.


Монгол Улсын гавьяат багш, сэтгүүлч В.Алзахгүй “1981 оны нислэгийн дараа М.Ганзориг сансар судлалын чиглэлээр мэргэшин ажиллах замыг сонгосон юм. Тухайн үед МАХН-ын Төв Хороо болон төр засгаас сансрын нислэгт оролцсон нисэгч болон нөөц нисэгчдэд анхаарал тавьж, санал хүсэлтийг нь сонсон, тохирох албан тушаалд томилж байсан. Энэ үед М.Ганзориг “Би сансар судлалд өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулна. Учир нь энэ гурван жилийн бэлтгэл маш хүнд, өндөр шаардлагатай байсан. Олон төрлийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сурсан. Энэ мэдлэгээ зүгээр орхихыг хүсэхгүй байна хэмээн хэлсэн байдаг.


М.Ганзориг шийдвэртээ насан туршдаа үнэнч байж, 1984 онд Зөвлөлтийн ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.


Улмаар Монголд сансрын тандан судалгааны анхны томоохон лабораторийг байгуулж, түүнийг хожим ШУА-ийн бие даасан хүрээлэн болгон хөгжүүлсэн юм. Би 2000 оны үед М.Ганзоригоос "УИХ-ын сонгуульд оролцохгүй юм уу, Архангайд нэр дэвшихгүй юу?" гэж асуухад би тэнд очоод юу хийх юм бэ? гэж хариулж билээ. Түүний “Хүн хэрэгтэй газраа, чаддаг зүйлээ хийж амьдарч, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байх ёстой” гэсэн үг бол монголын ард түмэн, залуу үед зориулсан чин сэтгэлийн захиас юм шүү гэж” хэмээн ярилаа.


Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат Ажилтан, армийн хурандаа С.Сайнцог, “Монгол түмний хувьд хайрлан хүндэлж, дээдэлж, үеийн үед дурсаж явах ёстой агуу хүмүүсийн нэг бол яах аргагүй миний найз юм. Монголчууд бид уяхан сэтгэлтэй, гүнзгий сэтгэлгээтэй ард түмэн. Эртнээсээ тэнгэр огторгуйг ширтэж, эх дэлхийгээ хайрлан дээдэлж ирсэн оюунлаг уламжлалтай. Ийм ард түмний хувьд сансрын нислэгийн гайхамшигт үйлсэд гар бие оролцсон хүнээ дурсах нь зүйн хэрэг.

Хоёр мянга гаруй жилийн төрт ёсны түүхтэй монгол үндэстний хувьд энэ бол бахархах учиртай том үйл явдал. Зөвхөн ХХ зууны төдийгүй, монгол түмний олон мянган жилийн түүхэнд бахархан дурсагдах гавьяа гэж хэлж болно.

Бид одоогоос 49 жилийн өмнө энэ гайхамшигт үйлсийн эхлэлд хамтдаа хөл нийлүүлэн алхаж байсан түүхтэй. Монгол хүн сансарт нисээд 45 жил өнгөрчээ. Энэ үйлсийн эхлэлд бид ч бас оролцож явсан хүмүүс. Бид энэ үйлсийг зөвхөн өнгөрсөн түүхийн дурсамж болгох бус, бодит амьдрал дээр үр шимийг нь хүртэж, амжилт бүтээлээр нь бахархаж амьдарч байна" хэмээн дурсан ярилаа.

 

Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, академич Д.Амарсайхан, "Миний хувьд Ганзориг баатартай 1987 оноос эхлэн хувь заяагаа холбогдсон хүн. Тэр жил ЗХУ-д их сургууль төгсөж ирээд, Шинжлэх Ухааны Академийн харьяанд түүний ахалж байсан Монгол Улсад сансрын мэдээлэл боловсруулах анхны лабораторид инженер-программчаар ажилд орж, ажлын гараагаа эхэлсэн. Тэр цагаас хойш бид хоёр зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем, геоинформатикийн чиглэлээр Монгол Улсад энэ салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд олон жил хамтран зүтгэсэн.

Энэ хугацаанд бид Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц “анхны” гэж нэрлэгдэх олон чухал үр дүнг гаргаж чадсан. Нэг талаас дотоодын мэргэжилтнүүдийг бэлтгэх, нөгөө талаас монголын шинжлэх ухааны ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлахад эдгээр ажил маань чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем, геоинформатикийн салбарууд дөнгөж эхлэл төдий байсан бол өнөөдөр байгаль орчин, байгалийн нөөц, нийгэм-эдийн засгийн олон салбарт өргөнөөр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед шинээр хөгжиж эхэлж байсан эдгээр чиглэл өдгөө олон нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон томоохон салбар болж өргөжжээ. Энэ бүхний цаана М.Ганзориг багш болон түүний удирдсан хамт олон олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, тууштай зүтгэсний үр дүн юм" хэмээн тодотгов. 












 

Холбоотой мэдээ