ЗАВХАН: Баянтэс, Тэс, Идэр суманд нөхөн сонгууль зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-24 15:37:27

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс, Тэс, Идэр суманд 2026 онд аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн сонгуулийн хорооны дарга, гишүүдтэй аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр уулзаж, нөхөн сонгуулийг хууль, журмын хүрээнд зохион байгуулах талаар санал солилцжээ. Энэ тухай аймгийн ИТХ-ын ажлын хэсгээс мэдээлэв.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-ний өдөр болно. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар сонгуульд оролцох нам, эвсэл 4 дүгээр сарын 15-наас, бие даан нэр дэвшигч 4 дүгээр сарын 28-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх юм.


Төрийн аудитын байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа эсэх дүгнэлтийг 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр заасан байна. Харин бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг 5 дугаар сарын 17-ноос өмнө хүргүүлнэ.


2026 онд улсын хэмжээнд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн ИТХ-ын 9 мандатад, мөн 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын ИТХ-ын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ