ЗАВХАН: Бэлчээрийн даацын хэт ачаалал экосистемийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-22 10:47:33

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 22. /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Эх дэлхийн өдрийг тохиолдуулан иргэд байгаль орчноо хамгаалах, мод тарих, хог цэвэрлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг өрнүүлж байна.


Мөн мэргэжлийн байгууллагууд бүс нутгийнхаа байгаль, цаг уурын онцлогийг олон нийтэд таниулан ажиллаж байна.


Завхан аймаг нь Монгол Улсын баруун хойд хэсэгт, дорнод уртрагийн 93°16'-аас 99°12', хойд өргөргийн 46°33'-аас 50°23' хооронд оршдог. Хойноосоо урагш 610 км, баруунаас зүүн тийш 520 км үргэлжлэх, 82.5 мянган км² нутаг дэвсгэртэй уудам нутаг юм.


Тус аймаг нь Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нууруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт байрладаг бөгөөд Монгол орны дундаж өндрөөс ойролцоогоор 500 метрээр өндөрт оршдог онцлогтой.

Аймгийн нутаг дэвсгэрт элс ихтэй бөгөөд Их нууруудын чиглэлд Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, мөн Тэсийн голын дагуу тархмал элсэн бүрхэвч ажиглагддаг.


Байгалийн бүсийн хувьд хангай, хээр, говь цөл хосолсон, чийг дулааны хангамж харьцангуй сайн тул бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой нутагт тооцогддог. Гэвч эх газрын эрс тэс, хахир хатуу уур амьсгалтай, агаарын температурын хэлбэлзэл өндөртэй бүс нутаг юм.


Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, мал сүргийн тоо толгой огцом өссөн, уламжлалт мал маллах арга барил тодорхой хэмжээгээр алдагдсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр бэлчээрийн даацад дарамт нэмэгдэж байна. Үүний улмаас ургамлын бүрхэвч, хөрсний үржил шим, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж, экосистемийн бүтээмж буурах хандлага ажиглагдаж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд онцолж байна.

Иймд байгаль орчин, бүс нутгийн онцлогт нийцүүлэн мал сүргийн тоо толгойг зохистой өсгөх, бэлчээрийг тогтвортой ашиглах, хүүхэд залуучуудад байгаль хамгаалах боловсрол олгох нь чухал байгааг хэллээ. 


Завхан аймгийн Байгаль орчны газар нь цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байгаль хамгаалах, мод тарих арга зүйг сурталчлах, биологийн олон янз байдлыг таниулах ажлыг тогтмол зохион байгуулж байна. Мөн байгаль орчныг цэвэр байлгах, иргэдийн хандлагыг өөрчлөх, хог хаягдлыг бууруулах зорилгоор жил бүр олон нийтийг хамарсан их цэвэрлэгээг зохион байгуулдаг байна.


Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 7800 гаруй иргэнд сурталчилгаа, танин мэдэхүйн мэдээлэл хүргээд байгааг тус газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болор-Эрдэнэ мэдээллээ.


Завхан аймаг, Ургамал сум, Хулжийн тал Гэрэл зургийг: Н.Сүхбат, П.Баатарзоригт

 

Холбоотой мэдээ