ЗАВХАН: Гол, нуурын мөс нимгэрсэн тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн зарим гол, нуурын мөсөн бүрхүүл харилцан адилгүй хайлж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Тус аймгийн зүүн хойд болон урд бүсийн сумдын нутаг дахь гол, нуурын мөсний зузаан 40-80 см байгаа бол аймгийн төв Улиастай болон хойд бүсийн сумдын ихэнх голд мөсний зузаан 0-40 см болж нимгэрч, цөн түрэн хайлсан байна. Зарим гол, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх гол мөрөн цөн түрж, мөснөөс бүрэн чөлөөлөгджээ.
Иймд урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан мөсний зузаан цаашид улам нимгэрч, хэврэгших эрсдэлтэй тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явган болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.