ӨВӨРХАНГАЙ: Хаврын тариалалтад гаргах 500 мянган суулгац бэлэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-24 18:02:25

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Ногоон хэрэм” төслийн Мод үржүүлгийн газарт дөрвөн төрлийн шилмүүст, 15 төрлийн навчит 800 мянга орчим мод бутыг үрслүүлж тарьснаас одоогийн байдлаар 500 мянга гаруй тарьц суулгацыг хаврын тариалалтад гаргахад бэлэн байна. 


Үүнээс орон нутгийн хүчин чадалд нийцүүлэн таван мянга орчим сухай, 30 мянган улиас, 25 мянган бургасыг зах зээлд нийлүүлэхээр суулгацыг хурааж бэлтгэж байгаа юм. Тус мод үржүүлгийн газар нь бүс нутгийн хэмжээнд тарьц, суулгац нйлүүлэх хүчин чадалтай ч борлуулалт хангалттай биш, үүнд төрийн бодлого, зохицуулалт хэрэгтэй байгааг Төслийн менежер Б.Иш-Ёндон хэлж байв.


Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” III төслийг 2022 оноос эхлэн Арвайхээр суманд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд говь, тал хээрийн бүсийг тарьц, суулгацаар хангах хүчин чадалтай Мод үржүүлгийн газар байгуулж, гүний худаг, хүлэмж, зоорь, агуулах, цахилгаан, эрчим хүчийг цогцоор нь шийдвэрлэжээ. 


Мөн иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхжуулахад чиглэсэн Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төв байгуулж, мод бут, нарийн ногоо тариалах сургалт сурталчилгааг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна. “Ногоон хэрэм” төслийн III шат 2026 оны 12 дугаар сард дуусна.







Холбоотой мэдээ