Э.Одмаа: Хобби, сонирхлоо хөгжүүлэх нь гэр бүлийн харилцаа, тогтвортой байдалд эерэг нөлөөтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Олон улсын Гэр бүлийн өдрийг угтан “Бүх хайраа гэр бүлдээ” аян эхэлж байна. Энэ хүрээнд Төв аймагт залуусыг спортоор хичээллэхийг уриалан дэмждэг Зуунмод сумын иргэн Э.Одмаатай ярилцлаа.

-Манай гэр бүл хобби, сонирхлоо хөгжүүлж, хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг эрхэмлэдэг. Ажил, амьдрал, хүүхдүүдийнхээ төлөө хичээхийн зэрэгцээ өөрсдийн хөгжил, амьдралын хэв маягтаа ч анхаарах нь чухал гэж үздэг. Бид хүүхдүүдээ үгээр бус үйлдлээрээ сургаж, аливаа зүйлийг өөрсдөө туршиж үзэн ойлгох боломжийг нь бүрдүүлэхийг хичээдэг.
Иймээс эрүүл зөв хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, волейбол тоглох болон олон нийтийн үйл ажиллагаанд хамтдаа оролцох зэргээр өдөр тутмын амьдралдаа үлгэр дуурайл үзүүлж ирсэн.

-Анх 2005 онд Улаанбаатар хотын таван шар дахь “Анар” зоогийн газарт кассчинаар ажиллаж байлаа. Энэ үед ажлын хажууд авто машины дугуй зардаг Н.Дамбацэрэн гэдэг залуутай танилцсан бөгөөд тэрээр цайны цагаараа байнга орж ирдэг байсан юм. Ингэж танилцан үерхээд 2007 онд 22 настайдаа ээж болж, түүнээс хойш 4 охин, 1 хүүгийн ээж, аав болсон.
Бид тухайн үед жирийн л аав, ээжийн адил амьдарч ирсэн. Харин 2020 онд "Ковид-19" цар тахлын үед хөдөлгөөн хүний эрүүл мэндэд ямар чухал болохыг илүү сайн ойлгосон. Тэр үеэс эхлэн эрүүл байхын тулд тогтмол алхах, зөв хооллох, стрессээ зохистой удирдах хэрэгтэйг ухаарч, идэвхтэй амьдралын хэв маягийг сонгон хэрэгжүүлж эхэлсэн.

-Ээж болсны дараа сэтгэл гутралд өртөх вий гэсэн айдас надад байсан ч тийм зүйл тохиолдоогүй. Үүний гол шалтгаан нь нөхрийн минь хайр, халамж, ойлголт, байнгын дэмжлэг байсан гэж үздэг. Тэрээр намайг дуртай зүйлээ олох хүртэл минь дэмжиж, хөгжих бүхий л үйл явцад үргэлж хажууд минь байж тусалсаар ирсэн.
Ер нь хүн завтай байх тусам жижиг зүйлд илүү их анхаарч, бухимдах хандлагатай болдог юм шиг санагддаг. Харин зорилготой, хийж бүтээх зүйлтэй байвал үл ойлголцол, маргаан ч багасдаг. Миний бодлоор эрүүл харилцаатай аав, ээжийн дунд өссөн хүүхэд л эрүүл сэтгэлгээтэй, зөв төлөвшилтэй болдог. Гэр бүлийн харилцаанд ялагч, ялагдагч гэж байх ёсгүй гэж боддог.

-Том болсон хойноо тус тусын амьдралаа хөөх ч олдсон цагтаа нэгнээ хайрлаж, халамжилж байгаарай гэж хүүхдүүдэдээ захидаг. Мөн олдсон ганц ширхэг чихэр байсан ч заавал хуваалцаж сураарай гэж сургадаг.
-Ярилцсанд баярлалаа.