Трампын “Алтан карт”-ыг гадаадын ганцхан иргэн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2026-04-24 16:49:00

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /CBS News/. АНУ-д байнгын оршин суух шинэ төрлийн эрх авах хүсэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сараас хүлээн авч эхэлснээс хойш Д.Трампын захиргаа одоогоор нэг л “алтан карт”-ыг гадаадын нэг иргэнд олгосон тухай тус улсын Худалдааны сайд Ховард Лютникийн мэдээлжээ. 


Лютник Төлөөлөгчдийн танхимын дэд хороонд мэдүүлэг өгөх үеэр “саяхан нэг хүний өргөдлийг баталсан ч хэдэн зуун хүн дараалалд байна” гэжээ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ хөтөлбөрийг хариуцаж байгаа бөгөөд бүх үйл явцыг “төгс байлгахыг зорьж байна” гэж тэрбээр нэмж хэллээ. Мөн тэрбээр “алтан карт”-ын өргөдөл гаргагчдыг шалгах процесс нь АНУ-ын засгийн газрын түүхэн дэх хамгийн хатуу чанд шалгалтуудын нэг” гэж онцолжээ.


Визийн энэхүү хөтөлбөр нь АНУ-ын засгийн газарт 1 сая ам.долларын хандив өгөх гадаадын иргэдэд зориулагдсан бөгөөд өргөдөл гаргагч мөн Дотоодын аюулгүй байдлын яаманд 15 мянган ам.долларын хураамж төлөх ёстой.


Д.Трамп уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг өнгөрсөн онд зарлаж, чинээлэг гадаадын иргэдэд АНУ-д хууль ёсны оршин суух эрхийг түргэн олгох, мөн улсын төсөвт нэмэлт орлого бүрдүүлэх зорилготой гэж танилцуулсан байна.


Шинэ визийн хүсэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын иргэншил худалдах цахим хуудсаар дамжуулан хүлээн авч эхэлжээ.



Холбоотой мэдээ