ТӨВ: Техникийн нөхөн сэргээлтийг 75 хувьд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-24 16:48:23

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Хариуцлагатай уул уурхайн төлөө хариуцлагаар нэгдье” уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.


Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн чиг хандлага болон хамтын ажиллагааны шийдлүүдийг тодорхойлох юм.


Аймгийн хэмжээнд ашигт малтмалын 388 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 85 нь хайгуулын, 303 нь ашиглалтын зөвшөөрөл байна. Эдгээр нь нийт 386.6 мянган га талбайг хамарч, аймгийн нийт нутаг дэвсгэрийн 5.2 хувийг эзэлж байна.


Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр “Төв аймаг ашигт малтмалын арвин нөөц, газар зүйн таатай байрлалын давуу талдаа тулгуурлан уул уурхайн салбарыг хөгжүүлэх өргөн боломжтой. Гэвч энэхүү хөгжлийг зөвхөн олборлолтын хэмжээгээр үнэлэх бус, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх нь чухал юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахад сум, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай.


Мөн аймгийн хэмжээнд хууль бус олборлолтын улмаас эзэнгүй орхигдсон 3600 га талбайг нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай. Цаашид техникийн нөхөн сэргээлтийг 75 хувьд хүргэж, биологийн нөхөн сэргээлтийг техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээнд дүйцүүлэх зорилт тавин ажиллаж байна.


Байгалийн нөөцийг зохистой ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ирээдүй хойч үедээ унаган байгаль орчныг өвлүүлэн үлдээх, мөн татварын нэг хувийн хөрөнгө оруулалтаар тэдэнд шаардлагатай орчныг бүрдүүлэх нь орон нутгийн хөгжил болон иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой" гэв.

 

Холбоотой мэдээ