Ц.Магсар: Цаг хугацаа өнгөрөх тусам Д.Нацагдорж тодорно хэмээн үнэлсэн байдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд цувралаар хүргэж буй энэ удаагийн ярилцлагын зочноор утга зохиол судлаач Ц.Магсарыг урьж, их зохиолчийн орчуулгын бүтээлүүд хийгээд Д.Нацагдоржийн зохиол бүтээл гадаад улс оронд хэрхэн орчуулагдсан, хамгийн их орчуулагдсан нь ямар бүтээл болох, гадаадын судлаачид түүний уран бүтээлийг хэрхэн үнэлсэн тухай асуудлаар ярилцсан юм.
-Марко Пологийн тэмдэглэлийг орчуулсан гар бичмэл нь өдгөө Үндэсний төв
номын санд хадгалагдаж байна. Ер нь ямар ямар хэлнээс, ямар төрлийн бүтээлийг
орчуулсан байдаг вэ? Д.Нацагдоржийн орчуулга тухайн үеийн улс төр, үзэл суртлын
нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байсан гэж та дүгнэдэг вэ?
-Д.Нацагдорж 1931 оны 1-р сард Шинжлэх ухааны хүрээлэнд оюутан буюу эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдонгоо хөдөлмөрийн гараагаа орчуулагчийн ажлаас эхэлсэн байдаг юм. Тухайлбал, К.Марксын “Капитал” зохиолын “Товар ба мөнгө” гэдэг хэсэг, Г.Е.Грумм-Гржимайлогийн бичсэн “Монголын түүх”-ийг хамтран орчуулж, Марко Полын жуулчлалын бичгийг Германы эрдэмтэн Алберт “Их хааны ордонд” нэрээр франц хэлээс германаар нийтэлснийг, мөн Оросын нанхиадач Д.Покотиловын “Мин улсын үеийн Дорнот монгол” хэмээх бичиг, Кростовецийн герман хэлээр бичсэн “Чингис хаанаас Зөвлөлт Бүгд Найрамдах Улс хүртэл” номын зарим бүлгийг герман, орос хэлээс орчуулсан байдаг. Иймэрхүү онол, түүхийн бүтээлүүдийг ажлын шугамаар орчуулсан байх. Гэвч тэр даруй авьяас сонирхлоо дагаад уран зохиолын орчуулга руу орж, герман хэлээс Эдгар Погийн “Алтан цох”, Вильгелм Хауфын “Бяцхан Мук”, орос хэлнээс А.С.Пушкины “Анчар”, “Хоригдол”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, “Сэрэхүй”, “Газар далай хоёр” зэрэг шүлэг, “Буудалцсан нь” тууж, мөн Ш.Нацагдорж сүүлд гүйцээж орчуулсан “Гилбэрийн хатан” тууж, А.П.Чеховын “Төрөлх орноо хайрлагч” өгүүллэг, Б.Ринчентэй хамтран Ги де Мопассаны “Аглагч” туурь зэрэг сод бүтээлүүдийг орчуулсан байна.
Д.Нацагдорж судлаач эрдэмтэн Б.Содном, Д.Цэдэв нарын мэдээлснээр их зохиолч маань орос, герман хэлтэйн дээр манж хэл бичгийг сайн мэддэг, ярианы ойр зуур хятад хэлтэй, төвөдөөр уншдаг, англи хэлийг бичиг номын хэрэгцээнд ашигладаг байжээ.
Анхаарал татахаас аргагүй нэг зүйл бол “Д.Нацагдорж орчуулах зохиолоо хэрхэн сонгов? Тийнхүү сонгосон шалтгаан юу байв?” гэсэн асуулт юм. Ажиглахад энэ нь, нэгдүгээрт, өөрийнх нь амьдрал тэмцэлтэй холбоотой, хоёрдугаарт, өрнөд Европын уран зохиолоос шинэ соргог зүйлийг нь монгол уран зохиолын орчинд оруулж ирэх эрмэлзэл байжээ гэж үзүүштэй байна. Амьдрал тэмцэлтэй нь холбоотой, тэр ёсоор зохиол бүтээлд нь тусгалаа олсон орчуулга гэвэл, жишээ нь “Хоригдол”, “Анчар”, “Сэрэхүй” зэрэг А.С.Пушкины шүлгүүд байна. А.С.Пушкины зохиол бүтээлийг тэмдэглэлт ойг нь тохиолдуулан түлхүү орчуулсан нь тодорхой. Гэхдээ 1932 оноор огноолсон “Гянданд хоригдон сууж бүхий үестээ бичсэн шүлгүүд” нь Оросын их зохиолчийн зарим зохиолыг орчуулахад угтал болсон байдал ажиглагддаг.
Намайг үзэн хашхиран дуудах нь
Нисэн одъё
хэмээн өгүүлэх адил
Үүлийн тэртээ
цайрах уул тийш
Далайн тэртээ
хөхрөх алс тийш
Салхин бид хоёр
зугаацах зүг тийш
Зоргоор шувуун бид хоёр зорчих цаг
болов.
гэсэн мөрүүд “Хоригдол” шүлэгт бий. Гэтэл “Хан ертөнцийн саран” (Зэвэрсэн гянданы дотор Зовлонгийн уур дэгдэнэ Зэвхий царайтай хүмүүс Зэрлэг араатан шиг үзэгдэнэ), “Эрх чөлөөг хүсэхүй” (Цонхны цаагууур нисэгч Болжмор юутай жаргалтай Жижигхэн шувуу ч болоосой Түүнтэй хамт наадах юм сан), “Тэргэл сарыг үзэхүй” (Дүгрэг сайхан сар чамайг Дөрвөн сар үзсэнгүй Төмөр сараалжны завсраар Тэмүүлэн энэ орой ширтэнэ), мөн “Торон дотор уйтгарлахуй” зэрэг шүлгийн мөр бадаг дээрх мэт орчуулгатай нь дуу дуугаа авалцсан байдал ажиглагддаг. Пушкин ч мөн шүлгээ тийм нөхцөлд бичсэн.
-Түүний орчуулгын арга барилыг өнөө үеийн орчуулгын онол, практиктай
харьцуулахад ямар онцлог, давуу болон сул тал байна вэ?
-Д.Нацагдорж олон гадаад хэл мэддэг ч орос хэлийг түлхүү хэрэглэж байсан нь орчуулсан бүтээлүүдээс нь харагддаг. Түүний орчуулгын чанар чансааг үнэлж Р.Гүрбазар, С.Галсан, К.Н.Яцковская, А.Шархүү зэрэг эрдэмтний бичсэн зүйлс бий. Гол онцлог нь үг ухагдахууны сонголтод их ач холбогдол өгч байсан юм билээ. Үг сонгож найруулахдаа зохиолыг уншигчид аль болох ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилго тавьдаг. Жишээ нь, үндэсний онцлог үгийг энгийн тайлбар байдлаар орчуулснаас энэ нь харагдана: “...а ты до сих пор не перенял у ней её кабалистики?” гэдгийг “...чи эдүгээ хүртэл түүний далдуур аргыг сурч авсангүй юу?” (“Гилбэрийн хатан”) гэж орчуулжээ. Энэ хэсэг дэх “кабалистика” гэсэн үгийн үндсэн утгыг баривал “жүүдийн шидийн ёс” гэж уншигч ойлгоход тийм ч амаргүй өгүүлэмж болох учраас “далдуур арга” гэж ерөнхий утгаар нь орчуулсан.
Д.Нацагдоржийн сонгосон үгэн дотор өнөө цагийн орчуулгын уран зохиолын үгсийн санд ховордсон үг олон бий: “шалаш – эмбүүл (буюу нэмбүүл, өмбүүл)”, “лыки – торс (ойрад аялгад “дурсан”), “природа – түмэн бодос”, “дубина – цавчирга (буюу манчуурга)”, “в путь потечь – зам гүйлгэх” зэрэг үгийн оноолт одоо бол сонирхолтой.

Зүүн гар талаас Л.Дашням, К.Н.Яцковская, Ш.Сүрэнжав, Ц.Магсар
-Түүний орчуулгууд тухайн үеийн монголын утга зохиолын хэл найруулга, хэв
маягт ямар шинэчлэл авчирсан гэж та үздэг вэ?
-Уран зохиолын орчуулгад орчуулагч хүний тэргүүн зорилго нь уран чанарыг хадгалж, зохиолын гоо зүйн дархлааг эрхэмлэх явдал байх учиртай. Үүнийг Д.Нацагдорж мөрдлөг болгосон байдаг юм. Мэдээж, хэл найруулга нь чамбай. Жишээ нь, зохиолын хүүрнэлд анхаарал татах зорилгоор оруулбар үг хэрэглэх (“өгүүлэх нь”, “үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь” гэх мэт), энгийн хүүрнэмжийг шүлэглэн орчуулах, онцолбор бүхий хэсгийг товойлгож нийлмэл өгүүлбэрийг салгах буюу энгийн өгүүлбэрүүдийг нийлүүлэх зэрэг аргыг түгээмэл хэрэглэсэн нь харагддаг. Ялангуяа эхийн яруусалт чанарыг жигдлэхэд илүүтэй анхаарсан, зохиолын ерөнхий уур амьсгал, гипер утгын түвшний бадрангуй шинж, сэтгэл хөдлөлийн өнгө аясыг гажуудуулахгүйгээр аль болох монгол хэлнийхээ уран найруулгын ёсоор хувиргал хийж орчуулсан баримт олон.
Жишээ нь, “Буудалцсан нь” туужаас сөхөж үзвэл “Разговор его, свободный и любезный, вскоре рассеял мою одичалую застенчивость” гэдгийг “Түүний ярих нь эрээгүй болоод эетэй болохуйяа зэрлэгшсэн бишүүрхүү минь төдөлгүй арилж…” гэх зэрэг тансаг орчуулга харагдах болно.
-Д.Нацагдоржийн орчуулгын бүтээлүүд монголын уншигчдын гадаад уран
зохиолыг хүлээн авах ойлголт, сэтгэлгээнд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Д.Нацагдоржийн тохиосон үе монголын нийгэм, оюун санааны соёл бүхий л эд эсээрээ Дорноос Өрнө чигт үүд нээсэн анхны алхамтай хөл нийлж таарсан. Үүнд шан таталцсан хүн бол Д.Нацагдорж. Өөрийнх нь уран бүтээл баялаг олон
талтайн нэгэн адил орчуулга нь ч мөн олон талтай. Уран сайхны эхийн “амин сүнс” буюу гоо зүйн үр нөлөөг хэрхэн хадгалах онолыг үндэслэгч Питер Ньюмарк уран зохиолд “хэрхэн хэлж байгаа” хэлбэр нь “юу хэлж байгаа” агуулгаасаа дутуугүй чухал. Хэрэв орчуулагч хэлбэрийг орхигдуулж, зөвхөн мэдээллийг дамжуулбал тухайн бүтээлийн гоо зүйн үнэ цэн алга болно гэсэн байдаг. Д.Нацагдоржийн орчуулгад үнэ цэнээ алдаж “амин сүнсээ гээсэн” шүлэг, өгүүллэг, тууж нэг ч байхгүй. Тийнхүү дэлхийн шилдэг уран зохиолын дээжээс монгол түмэнд ойртуулах их үйлсийн тэргүүн эгнээнд мөн Д.Нацагдорж байсан байна.
Соёл, сэтгэлгээний тухайд гэвэл тэрбээр өгүүлэмжээ аль болох монгол ахуй, үндэсний сэтгэлгээнд дүйцүүлэх бодол агуулж байсан нь харагддаг: «Милостивый государь, извольте выйти, и благодарите бога, что это случилось у меня в доме» гэсэн өгүүлбэрийг “Эрхэм минь, энэ хэргийг миний гэрт гаргасан нь завшаан болов хэмээн тэнгэр дор залбираад зайлагтун” гэж орчуулсан байх жишээтэй. Бас нэг жишээ хэлье: “Сэрэхүй” шүлгийн “И ловит сна Воспоминанья” гэдгийг “Өнгөрснийг дурсан зүүдийг эрэмцэнэ” гэж зохиогчийн дотоод сэтгэлийн чухамхүү байдлыг орчуулгадаа тун оновчтой дүрсэлсэн нь монгол уншигчийн мэдрэмжид туйлын нийцтэй гэмээр.
-Харин Д.Нацагдоржийн өөрийнх нь ямар ямар бүтээл хэчнээн оронд
орчуулагдсан байдаг вэ, хамгийн их орчуулагдсан бүтээл нь ямар бүтээл байдаг
вэ?
-Д.Нацагдоржийн зохиолууд нийтдээ 30 шахам орны хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн гэсэн харьцангуй эртний тоо баримт бий. Орос, Хятад, Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Чех, Польш, Унгар, Болгар, Казахстан, Украин, Гүрж, Армян зэрэг орны хэлээр сор бүтээлүүд нь хэвлэгдсэн.
Хамгийн олон хэлээр, хамгийн олон орчуулагдсан зохиол бол "Миний нутаг" найраглал. Монгол уран зохиолын “нэрийн хуудас” болсон зохиол юм даа. “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэг нийгмийн шүүмжлэлт өнгө аястай тул гадны судлаачдын анхаарлыг их татдаг.
Мөн “Шувуун саарал” өгүүллэг
монгол ахуйг харуулснаараа, “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг байгалийн уран дүрслэлээрээ,
“Од” шүлэг ертөнцийн тухай бясалгал, сансар огторгуйн сэтгэлгээгээрээ дэлхийн олон
түмний сонирхлыг татсаар иржээ.
-Түүний бүтээлүүдийг гадаадын судлаач шүүмжлэгчид хэрхэн үнэлж дүгнэсэн
байдаг вэ?
-Оросын эрдэмтэн К.Н.Яцковская, Японы эрдэмтэн Казүюки Окада зэрэг монголч эрдэмтэд Нацагдорж судлалд их хувь нэмэр оруулсан. Клара Николаевна Яцковскаягийн 1974 онд хэвлүүлсэн “Дашдоржийн Нацагдорж. Жизнь и творчество” бүтээл бол Д.Нацагдорж судлалаар гадаадад хэвлэгдсэн анхны нэг сэдэвт бүтээл байх.
Окада “Алтан хараацай” бүтээлээрээ өнгөрсөн жил Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртлээ. Тэд өөрсдөө бас орос, япон хэл рүү орчуулцгаасан.
К.Н.Яцковская Д.Нацагдоржийг үнэлж бичихдээ “Цаг хугацаа өнгөрөх тусам Нацагдорж тодорно” гэсэн байдаг юм. Айхтар үнэлгээ шүү. Мөн түүний бүтээл туурвилын ач холбогдлыг үнэлж оросын зохиолч, яруу найрагч Валентин Катаев хэлэхдээ: “Танай их зохиолч Нацагдорж манай их зохиолч Пушкиныг санагдуулж байна. Эрх чөлөө, ардач чанар, хувьсгалч үзлээрээ энэ хоёр зохиолч адил...
Энэ зохиолч Пушкины адилаар дэлхийн тэргүүний
уран зохиолоос улс түмэндээ дэлгэрүүлэхийг зорьдог байжээ. Жинхэнэ их зохиолч
хүн л ингэж үндэсний сайн сайхныг хадгалахын зэрэгцээ ертөнцийн сайн сайхныг
нэвтрүүлж байдаг юм” гэсэн байдаг.