ОРХОН: Жаргалант суманд бүрэн автомат өндөглөгч тахианы ферм үйл ажиллагаагаа эхлүүллээ

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-04-21 15:59:13

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт “Тогсури” компани бүрэн автомат өндөглөгч тахианы фермийг ашиглалтад орууллаа.


БНХАУ-ын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн салбарт тэргүүлэгч “Livi Co. Ltd” компанийн хамгийн сүүлийн үеийн 20,000 өндөглөгч тахианы хүчин чадалтай бүрэн автомат тоног төхөөрөмжийг тус суманд суурилуулж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ.


Уг тоног төхөөрөмж нь автомат тэжээл, усалгаа, өндөг цуглуулах, бууц зайлуулах болон орчны хяналтын дэвшилтэт системээр бүрэн тоноглогдсон байна. Ингэснээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 болон Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартын шаардлагад нийцжээ.

Мөн 2026 оны 4 дүгээр сард “Түмэн шувуут” компанитай эхний ээлжид 15,000 дэгдээхэй нийлүүлэх, баасан гарагт хүлээн авч байршуулах талаар гэрээ байгуулжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилтот ажлыг дэмжин Жаргалант сумын ЗДТГ-аас газрын асуудлыг шийдвэрлэх, зам гаргах ажилд техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


Бүрэн автомат өндөглөгч тахианы фермийг ашиглалтад оруулснаар Орхон аймгийн иргэдийг шинэ, чанартай өндгөөр хангах боломж бүрдэж, Жаргалант суманд тодорхой тооны ажлын байр шинээр бий болж байна.


 Орхон аймгийн нэг өдрийн өндөгний хэрэглээ ойролцоогоор 30,000 ширхэгт хүрдэг байна.