ХОВД: Зэрэг суманд хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-26 14:57:32

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт өнөөдөр магнитуд нь 5.5-тай тэнцэх хүчтэй газар хөдөллөө.

Уг газар хөдлөлт нь Ховд аймгийн төвөөс 155 км, Дарви сумаас баруун зүгт 43 км, Чандмань сумаас 96 км, Мөст сумаас зүүн хойд зүгт 38 км, Цэцэг сумаас 49 км, Зэрэг сумаас зүүн урд зүгт 26 км зайд болжээ. 

Энэ хүчтэй газар хөдлөлтийн дараах давтан хөдлөлт ажиглагдсаар байгаа бөгөөд хүчтэйвтэр давтан хөдлөлт рихтерийн шаталбараар магнитуд нь 4.2, 3.9-тэй тус тус болоод байна.

​Дөрөв хоногийн өмнө буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд энэ хагарлын орчимд магнитуд нь 4.7-той тэнцэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байсан юм.

Газар хөдлөлтийн дараах макро судалгаагаар Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын иргэд газар хөдлөлтийг нэлээд мэдэрсэн байна.
Мөн Ховд аймгийн Зэрэг, Манхан, Цэцэг, Мөст, Дарви, Чандмань, Мөнххайрхан сумын иргэд газар хөдлөлтийг мэдэрчээ. 


Иргэдийн өгсөн мэдээллээр өндөр барилгын 3-аас дээш давхарт маш хүчтэй мэдэрсэн байна. Байрны толь савлах, гэрлийн бүрхүүл савлах, тавилгууд шажигнаж дуугарчээ. 


Макро судалгаагаар урьдчилсан байдлаар газар хөдлөлтийн голомтын орчимд IV-V балл, Зэрэг сумын төвд IV балл, Ховд аймгийн төвд II-III балл орчмоор газар хөдлөлт мэдрэгдсэн гэх мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас ирүүллээ.

Холбоотой мэдээ