ХОВД: Газар тариалангийн хөгжлийг дэмжих чиглэлүүдийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-22 13:44:28

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын газар тариалан эрхлэгчид өнөөдөр зөвлөлдөж байна. 


Зөвлөгөөнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл 80 орчим хүн оролцож байна. 


Зөвлөгөөний нээлтэд сумын удирдах ажилтнууд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, хөрөнгө оруулалт, цаашдын зорилго, зорилтоосоо танилцууллаа. 


Өнөөдрийн байдлаар Жаргалант сумын хэмжээнд газар тариалангийн салбарт 300 орчим иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэд өнгөрсөн онд 400 орчим га талбайд тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 5000 тонн ургац хураан авч зах зээлд нийлүүлжээ. 


Цаашид газар тариалан эрхлэгчдийг дэмжиж, хүнсний ногооны урамшуулалд хамруулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх замаар нарийн ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тариалалтын талбайг өргөжүүлэх, техник дундын үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд үе шаттай анхаарч, олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг албаныхан онцоллоо. 


Зөвлөгөөний хүрээнд хүнсний ногооны шинжилгээ, ургамал хамгааллын бодис, үр сорт болон бордооны зөв хэрэглээ, ус ашиглалт, ногоон байгууламжийн хэрэгцээ, Хүлэмжийн цогцолборын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцуулж байна. Мөн үргэлжлүүлэн газар тариалан эрхлэгчид хүнсний ногооны тариалалтын тэнцвэрт байдлыг хадгалах, хамтын ажиллагааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар санал солилцох юм.     


Үүнээс гадна зөвлөгөөний үеэр хаврын тариалалтад шаардлагатай хүнсний ногооны үр, үрсэлгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ