ӨМНӨГОВЬ: “Хилийн багана-Эх орон” аяллыг үе шаттай зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-24 16:11:15

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/Эх оронч хүмүүжил, төлөвшлийг бэхжүүлэх, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, мөн цэргийн алба болон хил хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Хилийн багана-Эх орон” сурагчдын танин мэдэхүйн аяллыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

Тодруулбал, “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Боловсрол болон Батлан хамгаалах салбарын бодлого, Цэргийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор 23 сургуулийн дунд, ахлах ангийн 460 сурагч, 46 багшийг хамруулан танин мэдэхүйн аяллыг зохион байгуулжээ.


Аяллын үеэр оролцогчид Монгол Улсын өмнөд цэг болох Орвог гашууны бор толгой, хилийн багана, хилийн заставтай танилцаж, хил хамгаалах үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан байна. Мөн аймаг, орон нутгийнхаа түүх, соёлын талаар мэдлэг, ойлголтоо дээшлүүлжээ. 


Мөн Батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн, “Сурагчдын хээрийн сургуулилалт”, “Эх орон 36”, “Эх орны ирээдүйн эзэд” зэрэг үйл ажиллагааг ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штаб болон Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран өргөн хүрээнд зохион байгуулжээ.

 

“Хилийн багана-Эх орон” сурагчдын танин мэдэхүйн аяллыг Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Боловсролын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар хамтран зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ