ӨМНӨГОВЬ: Багш, суралцагчдын амжилтыг урамшуулснаар боловсролын хөгжилд ахиц гарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Улсын олимпиад болон мэргэжлийн ур чадварын уралдаанд тэргүүн байр эзэлсэн багш, сурагчдад Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилийн улсын олимпиадыг 12 судлагдахуунаар зохион байгуулсан. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багш, суралцагчдын амжилтыг дэмжих, нийгмийн баталгааг хангах чиглэлээр бодит ажлуудыг үе шаттай хэрэгжүүлснээр 2024-2025 онд улсын олимпиадаас 5 медаль хүртэж байсан бол 2026 онд 8 медаль хүртжээ.
Мөн аймгийн Политехник коллежийн суралцагчид мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын “Монгол ур чадвар” улсын уралдаанд оролцож, 3 суралцагчаас 1 нь үндэсний ялагч болж, 2 нь дэд байрт шалгарсан амжилт үзүүлжээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын боловсролын байгууллагын багш, суралцагчдын урамшуулал, дэмжлэгийн журмын дагуу бэлтгэсэн суралцагч улсын төрөл, мэргэжлийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн тохиолдолд багшид 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал, харин суралцагчдад эзэлсэн байраас нь хамааран 5-8 сая төгрөгийн урамшуулал олгожээ.
Багш, суралцагчдын гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, урамшуулснаар цаашид боловсролын чанар, өрсөлдөх чадвар нэмэгдэхэд чухал нөлөөтэй гэдэгт итгэлтэй байгаагаа Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат онцоллоо.