Орчин цагийн англи хэлний утга зохиолын үгсийн сан У.Шекспирээс, Оросынх А.С.Пушкинээс эхтэй бол Монголынх гарцаагүй Д.Нацагдорж
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй. Зохиолч, яруу найрагчаас гадна угсаатан судлаач, түүхч, хэл шинжээч, нэр томьёоч, орчуулагч, сэтгүүлч, улс төрч зэрэг нийгмийн олон салбарт гүйцэтгэсэн үйл хэргийнх нь тухай манай агентлаг цуврал болгон толилуулж буй билээ. Энэ удаа Шинжлэх ухааны хүрээлэнгийн дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан үеийнх нь талаар онцлон тодолж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор О.Шинэбаяртай ярилцсан юм.
-Шинжлэх ухааны байгууллагыг анх байгуулагдахад Д.Нацагдорж ямар үүрэгтэй оролцож байв, тухайлбал, Дуун ухааны тасгийн эрхлэгчээр 1935-1936 онд ажиллахдаа ямар ямар ажлыг амжуулсан байдаг вэ?
-Д.Нацагдоржийн мэдлэг,
ур чадвар, хийсэн бүтээснийг харахад маш олон салбарт хүчин зүтгэсэн байдаг. Эх хэлээ
сайн эзэмшиж, сурвалж бичгийг чамгүй судалсан, Европын хэл соёлтой тэрбээр монгол хэл бичгийг хөгжүүлэх болон латин үсгийн тухай болон латинчлалын дүрэм, мөн монгол хэлний тайлбар толь хийх эх үндсийг тавихад оролцсон байдаг.
Дуун ухааны тасгийн эрхлэгч болоод 1936 онд бодис зүй, хувилахуйн ухаан, улс төр, эдийн засаг, цэрэг, анагаах ухаан, техник, ном судлалын нэр томьёо зохиох ажлыг удирдан, өөрөө ч гар бие оролцсон юм билээ.
Мөн герман, монгол хэлний толь бичгийг 1930-аад онд зохиосон нь 10 мянга гаруй толгой үгтэй, 546 хуудастай гар бичмэл байсан гэдэг.
Түүнчлэн Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байхдаа 1931 онд “Шинэчлэлийн мэдээ” сэтгүүлийг эрхлэх төлөвлөгөө бичиж, тус сэтгүүл нь шинжлэх ухаан, уран зохиол, эдийн засгийг хөгжүүлж судлах зорилготой гэж тодорхойлоод, сэтгүүлд орох нийтлэл, хэн бичих дэсийг хүртэл гаргасан байдаг.

Энэ нь шинжлэх ухааны одоогийн сонин, сэтгүүлийн эхлэлийг тавьсан гэж болно. Дараа нь тус хүрээлэнгээс 1935 онд “Шинэ толь” сэтгүүл гаргах төлөвлөгөө боловсруулахад комиссын бүрэлдэхүүнд нь багтсан. Монголын Зохиолчдын Эвлэлийг 1929 онд байгуулалцаж, 1931 онд МАРЗ буюу Монголын Хувьсгалт Зохиолчдын Нийгэмлэгийн хэвлэлийн эрхлэгчээр сонгогдож, уран зохиолын “МАРЗ” сэтгүүлийн төлөвлөгөө гаргаад хэн, юу бичихийг ч мөн хуваарилсан байгаа юм.
Үүнээс гадна “Монгол хэл, латинчлалын дүрэм” гурван бүлэг, 60 гаруй зүйл бүтээлийг жилийн дотор зохиож хэвлэхэд бэлдсэн. Энэ нь 1930-аад оны үеэс латин үсэг хэрэглэх гэсэн анхны оролдлогын тусгал юм. Тус дүрмээ 1932 оны нэгдүгээр сард Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн гэдэг.
Түүндээ гадаад эрдэмтний бүтээлийг ашигласнаас гадна төв халх болон нутгийн аялгыг судалж оруулсан. Харамсалтай нь энэ бүтээл олдоогүй.
Мөн монгол хэлний утга ойролцоо үгсийн толийг эхлүүлж, монгол хэл бичгийг сайжруулахад оролцсоноос гадна Лувсанданзаны "Алтан товч"-ийг хэвлэлд бэлтгэж, Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Ж.Цэвээний хамт Ерөөд байхдаа угсаатны зүйд холбогдох зүйлийг сурвалжлан цуглуулж, хууч үлгэр, домог, ардын аман зохиолыг тэмдэглэж байжээ.
-Тэгэхээр танай хүрээлэнд өдгөө Д.Нацагдоржтой холбоотой ямар сонирхолтой баримт, эх сурвалжууд нь хадгалагдаж байна вэ?
-Ард түмний дунд явж байхдаа аман зохиол, бөө мөргөл, үлгэр домог, зүйр үг, хэлц үгийг тэмдэглэдэг хүн байж л дээ. Шүлгийнхээ санааг ч тэмдэглэсэн байдаг. Мөн “Их авгай”, “Миний нутаг” шүлгийн хэсэг, “Хөдөө талын үзэсгэлэн”-г монгол бичгээр маш сайхан бичсэн гар бичмэл нь байна. Германы Карл Марксын “Капитал” зохиолын орчуулга нь, “Монгол ардын суут”, “Нуугдсан эрдэнэ”, “Ондоо хүмүүжил” жүжгийн зохиолынх нь гар бичмэлүүд ч бий. Эдгээрийн зарим нь хэвлэгдээгүй.
1931-1932 онд хэрэглэж байсан өврийн дэвтэр (folklore) нь Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж буй хамгийн үнэ цэнтэй өв юм.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн архив, 100 жилийн түүхтэй өврийн дэвтэр
Д.Нацагдорж орчуулга, уран зохиол, утга зохиол, яруу найраг, аман зохиол судлалд маш чухал үүрэг гүйцэтгэж, нэр томьёоны толь хүртэл хийж байсан. Монголын шинжлэх ухааны салбарыг үндэслэгчдийн нэг, соён гэгээрүүлэгч, улс төрч Жамсраны Цэвээн, Судар бичгийн хүрээлэнгийн дарга асан, түүхч С.Жамьян гэх мэт алдартай бичгийн мэргэдтэй ойр ажиллаж байжээ. Түүнчлэн их зохиолч маань өөрөө шинийг эрэлхийлэгч, соёл түгээгч, соён гэгээрүүлэгч хүн байсан байна. Улс төрч ч юм шиг зүйл анзаарагддаг. Тухайлбал, “Германы үндэсний нам 1932 оны сонгуульд гуравдугаарт орлоо” гэж тэмдэглэсэн нь бий. Герман соёлоос “радио”, “пионер”, “скаут”, “гимнастик” гэж ийм юм байна хэмээн шинэ тутам үүсэж бий болсон соёлын тухай цуврал өгүүлэл, нийтлэл бичиж байсан нь сэтгүүлчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан мэт харагддаг л даа.
-Их зохиолчийн яруу тансаг үг хэллэг, монгол ахуй, түүх соёлын гүнзгий сайхан мэдлэг, амьдралын гүн ухаан шингэсэн бүтээлүүд үеийнхнээсээ онцгойроход дээр
дурдсан аман зохиол, зүйр цэцэн үгс, бөөгийн дуудлагын судалгаа, тэмдэглэл нь хэрхэн нөлөөлж туссан гэж судлаачид үздэг вэ?
-Д.Нацагдоржийн
талаар үлгэр домог мэт яриа их
бий. Дөнгөж 31-хэн насандаа нас барсан гэхэд түүний зохиол бүтээлүүд үнэхээр онцгой. Маш
олон бүтээл ном, эрдэм мэдлэг, өвийг үлдээж шүү дээ. Зохиол бүтээлд нь ардын аман зохиолын нөлөө улбаа ч харагддаг. “Миний
нутаг” шүлгээ бөөгийн галын тахилгын хэмнэлээр бичсэн гэдэг. Тухайлбал, бөөгийн үг хэллэгт
“Хүний махан хүнстнүүд, хүрэл чулуун идэштнүүд, гал могой
ташууртнууд” гэх мэт үг яриаг сонсоод, “Айзам хэмнэл нь үнэхээр сонин
юм” гээд тэмдэглэж байсан тухай яриа бий. Дараа нь
“Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн Шарга Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
хэмээн тэрхүү айзам хэмнэлээр бичсэн гэж судлаачид үздэг. Мөн энэ шүлгийг бичихдээ монгол орны баруунаас зүүн, өмнөөс хойш дөрвөн зүг найман зовхист аялж буй мэт илэрхийлэмж нь маш сайн зохиомж, дүрслэл, төлөвлөлттэй болсон гэж үздэг.
Академич Х.Сампилдэндэв, “Монгол орныхоо дээгүүр онгоцоор аялаад, харсан юм шиг бичсэн” гэсэн бол Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нэг ч хүн сансарт нисээгүй атал “Магнаг цэнхэр дэлхий” гэж яаж ингэж сайхан хэлээ вэ? хэмээн уулга алдсан тухайгаа дурдсан байдаг шүү дээ.
Бидний сайн мэдэх “Хуучин хүү”, “Хөдөө талын үзэсгэлэн” зохиол нь шүлэглэсэн өгүүллэг ч юм шиг, адал явдал гэхээс илүү монголын уран зохиолын хэл хэчнээн яруу тансгийг уран тод дүрслэн илэрхийлсэн.

Хэл зохиолын хүрээлэнгийн архив, улсын өмч, Д.Нацагдорж энэ машиныг хэрэглэж байсан хүмүүсийн нэг ажээ.
“Хуучин хүү” өгүүллэгтээ л гэхэд, “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунамой. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Yүгээр түүгээр нэг хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэгэн голыг өгсөн уруудан нүүж, нэгэн худгийг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөөс айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөсөөр нэгэн нас харанхуй мананы дотор бармой” хэмээн толгой холбосон айзам хэмнэл нь хүний сэтгэл, тархийг хөгжөөн баясгахаар сайхан бичиглэл шүү дээ.
Утга зохиол судлаач, доктор, профессор Ч.Жачин багшийн хэлснээр “Дөрвөн улирал” шүлэгт:
“Мөнх
тэнгэрийн дор
Мянга
мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр...” гэж бичихдээ дөрвөн улирлыг залуугаас өтөл нас буюу амьдралын үеэр төлөөлүүлсэн үг хэллэг ашиглан бичсэн.
Түүний бичих арга барил, ур эрдэм нь нарийн боловсруулсан нягт нямбай ажил гэдгийг тодотгосон бол оросын эрдэмтэд ч үүнийг өндрөөр үнэлсэн байдаг шүү дээ.
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”-Г НУТГИЙНХАА ДОМОГ ЯРИАНД ҮНДЭСЛЭН БИЧСЭН
-Башкирын зохиолч Мустай Карим их зохиолч Д.Нацагдоржийг Монголын оюун санааны соёлын ирээдүй рүү гүүр барьж эхлэгчдийн нэгэн хэмээн тодорхойлоод "Ард түмнийхээ уран бүтээлч, суу билигтний оргилын хувьд зөвхөн та бүхэнд төдийгүй бид бүхэнд, дэлхийн бүх утга зохиолд хамаатай" гэж бахдан хэлсэн байдаг. Монгол хэл, утга зохиол судлалд оруулсан том ажлаас нь дурдвал?
-Үнэхээр Д.Нацагдорж монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчээс гадна орчин үеийн утга зохиолын хэл бүрэлдэн бий болох суурийг нь тавьсан хүн.
Утга зохиолын хэлийг бүрэлдэхэд Д.Нацагдоржийн оруулсан хувь нэмэр, үүрэг агуу их. Энэ бүхэн нь түүний зохиол бүтээлээс тод харагддаг.
Монгол хэл, утга зохиол судлалд Д.Нацагдоржийн хийсэн том ажил нь уран зохиол, хэл бичгийн ухаанд хэрэглэх 1000 орчим нэр томьёог латин, грек хэлээр дэвсгэрлэж, монгол, герман, орос хэлээр хавсруулан
бэлтгэснээ хянан бүртгэж
сийрүүлэн, хэвлэхэд ойртуулсан.
Түүгээр үл барам, Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулж, үүнийгээ “Дуун ухааны нэр томьёоны зохиол” гэж нэрлээд, 1935 онд хэвлэлд шилжүүлснийг хүрээлэнгийн тайланд тэмдэглэсэн байдаг. Бүрэн дуусгасан энэ бүтээл нь ч мөн олдоогүй. Учир нь энэ хүн хэлмэгдэн шоронд орж, эд юмаа хураалгаж байсан хэрэг байх.
Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор А.Очир, Г.Дашням нар Д.Нацагдоржийн олон хэлний толийг хэвлэлийн техникийн бололцооноос шалтгаалан зөвхөн монгол, орос толь болгож өөрчилсөн тухай бичсэн байдаг. Мөн зохиолч С.Лочин “Д.Нацагдорж орчин үеийн нэр томьёо судлалыг үндэслэгч бөгөөд түүний эхний ажил нь хэл шинжлэлийн нэр томьёоны 1000 үгтэй толь юм. Улсын нэр томьёоны комиссыг 1924 онд байгуулж, 1931 онд Монголын анхны латин, орос, монгол толь гаргасан” гэж тэмдэглэсэн байдаг.
-Д.Нацагдоржийн хэл найруулгын өвийг өнөөгийн боловсролын системд хэрхэн үр дүнтэй ашиглаж болно гэж та үздэг вэ?
-Манайд ардчилсан хувьсгал гарсан 1990 оноос Ж.Чейзийн зохиолуудыг маш ихээр орчуулсны заримд нь утга зохиол гэхээс илүү адал явдал хөөсөн нь ажиглагддаг “Илд бамбай” гэхэд алаан хядаан, хулгай дээрэм, тонуулын тухай өгүүлдэг.
Харин Д.Нацагдоржийн зохиол тийм их адал явдал байхгүй атал хүмүүс яагаад дурлаж уншдаг юм. Чейзийн зохиол шиг адал явдал өрнөдөггүй. Хэтрүүлээд хэлвэл, “Шувуун саарал” зохиолд Сүрэнхүү морио унаад үдшийн сарнаар “нохой хорь оо” гээд айлд орлоо гэсэн л үйл явдал. Гэтэл энэ нь монголын хөдөө талын үзэсгэлэнг уран зохиолын хэлээр зураглал, чимэглэл, дүрслэлээр уран яруу зурагласан гайхалтай ертөнц байдаг.
Морины хэв шинж, явдал, эмэгтэйн өмссөн зүүсэн, байр байдлыг үнэхээрийн уран яруу
дүрсэлсэн. “Хоньчин Найдан”-ы эхлэл гэхэд ямар уран сайхан зураглалтай
билээ. Аман зохиолын маягтай ч юм шиг. Энэ бүхэн нь дараагийн зохиолчдын
уран зохиолын хэлний уран тансгийн шимт хөрс нь болж өгсөн. Иймд Д.Нацагдоржийн зохиолоос дунд
сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулаад
л байх хэрэгтэй. Тэгвэл хүүхдийн эх хэлний мэдрэмж хөгжинө.
Бидэнд өнөөдөр дутагдалтай байгаа "мэргэн ухаан"-ыг уран зохиолын хэлээр хөгжүүлэх боломжтой юм.

Хэл зохиолын хүрээлэнгийн архив, Д.Нацагдоржийн гар бичмэл
-Д.Нацагдоржийг тухай олон түмэнд дэлгэгдээгүй, ямар шинэ
материалыг судлаачид дэлгэн тавьж байна вэ?
-Гуч гаруйхан наслахдаа гайхалтай олон зохиол бүтээлийг өв болгон үлдээсэн. Үнэхээр маш олон хүний хийх ажлыг ганцаараа хийсэн гэж болохоор хүн л дээ. Тухайлбал, Б.Содном гуай тэмдэглэхдээ, “Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт хүний нэр ба ашгийн тулд одно” гэсэн “Оюунтүлхүүр”-ийн хуучин бичгийн нэг хувилбар бий. Д.Нацагдорж энэ санааг шүлэгтээ “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” хэмээн өөрчлөн бичиж гэсэн байдаг. Тэгвэл “Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт хүмүүн нэр ашгийн тул эрсдмүй" хэмээн Хятадын эртний номд бий ч гэж судлаачид бичсэн л байдаг. Тэгэхээр Д.Нацагдорж гуай хуучин сурвалж бичиг, аман зохиолыг нэлээн судалж, түүнийгээ зохиол бүтээлдээ тусгадаг хүн байсан байна л даа.
“Учиртай гурван толгой”-н цомнолыг гэхэд нутагт нь яригддаг домогт үндэслэн бичсэн. Түүнчлэн түүхийг маш сайн судалж уншдаг байсан байна. Тухайлбал,
“Хүннү Сүннүгийн үеэс
Хөгшид
өвгөдийн нутаг
Хөх
Монголын цагт
Хүчирхэг болсон орон...” гэхчлэн зохиол бүтээлээ үргэлж мэдлэгтэйгээр туурвиж байжээ.
“Эрүүл байвал улсын наадам үзнэ”, “Жаргалан жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан, эрүүл энхийн нэгэн жаргалан” гэх мэт бичсэн арга нь их сонин, урьд өмнө бичиж байсан хүмүүсийнхээс их өөр.
Монголын ард түмний ам дамжин ирсэн жороо үг, аман зохиолын арга загварыг нэлээн ашигладаг, шүлгүүд нь ихэвчлэн соён гэгээрүүлж, шинийг эрэлхийлсэн байдаг. Д.Нацагдоржийн тухай архивын баримт, эх бичгийг хэлний онцлог, адилтгал, зүйрлэл, чимэг үг, холбоо, хэл найруулга, мянган нэр томьёог яаж зохиосныг Ч.Жачин багш тал бүрээс нь судалсан л даа. Монгол ардын үлгэр тууль, ерөөл магтаал нь монголчуудын мэдлэг ухаан, уран сайхан сэтгэлгээний охь шим байдгийн адил Д.Нацагдоржийн бүтээлд ч эрдэм мэдлэг, амьдрал сэтгэлгээ нь нуугдаж байдаг. Бүтээлдээ аман зохиолын урыг гайхалтай шигтгэдэг хүн байж дээ. Авиа дуу чимээ дуурайсан нь ч их бий. “Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуун алчуураар толгойгоо ороожээ... Тав хийтэл мориноосоо буун тас хийтэл жолоогоо сойгоод, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров” хэмээн тав, тас, хүр гэхчлэн илэрхийлснийг судлаачид гаргаж тавьсан нь бий.

Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж буй, Д.Нацагдоржийн өврийн дэвтэр
Түүнчлэн харшуулал гэдэг зүйлийг үнэнхүү гарамгай ашигласныг “Цагаан сар ба хар нулимс”, “Ламбугайн нулимс”-аас харж болно. Гэрийн эзэд, зочид гийчдийн "... идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар..." байхад Цэрмаад ямар хэцүү зүдүү байгааг "...гагцхүү Цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж, гөлрөн харж, шүүрс алдана...." гэхчлэн дүрсэлсэн байдаг шүү дээ. Мөн Гандангийн хүрд рүү бууж буй ламыг улаан шарыг тунаруулсаар гэсэн бол эсрэгцүүлсэн дүрийг нь хар цагааныг гялбуулсаар гэхчлэн дүрсэлсэн байх жишээтэй.
Д.НАЦАГДОРЖИЙН ЗОХИОЛЫН ҮГИЙН САНГ ГАРГАНА
-Д.Нацагдорж судлалыг ямар чиглэлд хөгжүүлэх шаардлагатай
гэж үзэж байгаа вэ? Тухайлбал, танай хүрээлэн ямар ажил хийж байна вэ?
-Түүнийг их зохиолч талаас нь хангалттай судалсан. Үүнийг түгээн дэлгэрүүлэх ёстой юм. Энгийн тайлбарлахад, “Миний нутаг” гэхэд үргэлжид үнэ цэнээ алдахгүй, үнэхээр бахдам, үлэмж бишрэм сайхан шүлэг шүү дээ. Үүнийг эх хэлээрээ мөн гадаадын олон хэлээр орчуулаад, уран сайхан уншаад youtube дээр тавьчихмаар санагддаг.
Мөн гадаадын монголч эрдэмтэд Д.Нацагдоржийн тухай нэлээн бичсэн л дээ. Гэхдээ түүний Германы эрдэмтэдтэй хэрхэн холбогдож, олон хотоор явж, янз бүрийн хүмүүстэй уулзан, тэмдэглэж бичсэн зүйл нь түүний бүтээлд байдаг. Тэмдэглэлийнх нь дагуу, түүний амьдралын талаар орос, германтай холбоотой зүйлийг ухаж сонирхож болох юм.
Хэл зохиолын хүрээлэнгээс зохиолч бүрийн намтар, уран бүтээлийн товчооныг эмхэтгэсэн “ХХ зууны монгол зохиолчид” 99 цуврал хэвлүүлж байгаагийн нэгэнд Д.Нацагдоржийн тухай гаргасан. Д.Нацагдорж судлалыг 1950 оноос мэргэжлийн түвшинд эхлүүлж, түүний 50 насны ойгоор ном, өгүүлэл, зохиолын эмхэтгэл түүвэр олныг хэвлэсэн. Мэндэлсний нь 90, 100, 110 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, жүжгийн зохиолыг нь тавьж байлаа.
Энэ онд түүний мэндэлсний 120 жил, монгол залуус Европт 1926 онд эрдэм сурахаар анх явсны 100 жилийн ой болж байна. ГХЯ, ССАЖЗЯ, “Чингис хаан” музей хамтран “Чингис хааны удмын бичээч Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг наймдугаар сард зохион байгуулна. Түүний аав Дашдорж бол Чингис хааны удмын тайж хүн шүү дээ.
Хэл зохиолын хүрээлэн монголын уран зохиолчдын бүтээлүүдийг цахимд оруулж сан бүрдүүлж байгаа. С.Эрдэнийн зохиолын үгийн санг гаргасан. Одоо Д.Нацагдоржийн зохиолын үгийн санг гаргахаар хөмрөг бүрдүүлж байна. Орчин цагийн англи хэлний утга зохиолын үгсийн сан Уильям Шекспирээс, орос хэлнийхийг А.С.Пушкинээс эхтэй гэдэг шиг Монголд гарцаагүй Д.Нацагдорж гэж ярих ёстой юм.
А.С.Пушкиний зохиолын үгийн санг 23 мянга гэж гаргасан байдаг. Д.Нацагдоржийн зохиолын хэлний үгийн санг судлах нь эх хэлний маш уран тансаг сайхан хэллэгийг хүн ард, хүүхэд залууст таниулах, үгийн баялгийг нь баяжуулах ач холбогдолтой юм.
Товч намтар: Д.Нацагдорж 1906 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар төрсөн. Есөн настайгаасаа монгол бичиг сурч, эртний сургаал “Зүрхэн тольт”, “Элдэв тайлбар толь бичиг”, “Хав, муур, хулгана гурвын үлгэр”, “Хоёр загалын тууж”, “Оюун түлхүүр” зэрэг уран зохиолыг уншиж эхэлжээ. ЗХУ-ын Ленинград хотод 1925 онд Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид, Германы Берлин, Лайпциг хотод 1926-1929 онд сурч, дэлхийн сонгодог зохиолч, эрдэмтдийн бүтээлтэй танилцсан. Төгсөөд Улаанбаатар хотын Төмрийн үйлдвэрт орчуулагч, 1930- 1931 онд “Залуучуудын үнэн” сонинд утга зохиолын ажилтан, 1931 онд ШУХ-д эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос ШУХ-д Түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 оноос Төв театрт мэргэжлийн зохиолчоор тус тус ажиллаж байжээ.