Дэлхийн номын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-23 14:33:21

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн номын өдөр буюу Дэлхийн номын ба зохиогчийн эрхийн өдөр тохиож байна.


1995 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг энэхүү өдөр нь ном, мэдлэг, оюуны өмчийг эрхэмлэн дээдлэх, унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон энэ өдрийг номын сурталчилгааны төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж, ном уншихын ашиг тусыг сурталчилдаг байна. ЮНЕСКО-гоос энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолч мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог аж.


Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны академи болон Монгол Улсын Үндэсний номын сан хамтран “Эрдэм номын чуулган” ном хандивлах аяныг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2019 оноос эхлэн ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд 1900 гаруй ном, бүтээлийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлажээ. Энэхүү үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон нийт, уншигч, судлаачдад хүртээмжтэй хүргэх, мөн Үндэсний номын сангийн сан хөмрөгийг баяжуулах чухал ач холбогдолтой юм.


Үг урлаг, эрдэм номд амьдралаа зориулсан хүндэт зохиолчид, хэвлэн нийтлэгчид, номд дурлагч мэргэн уншигч олонд Дэлхийн номын өдрийн мэнд хүргэе.


Монгол Улс 39 дэх удаагийн “Номын баяр”-ыг ирэх сарын 15-17-нд зохион байгуулна.

Холбоотой мэдээ