ХОВД: Хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ирэх долоо хоногт иргэдэд хууль сурталчлах, мэдээлэл өгөх өдөрлөг болно.
Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу 21 аймгийн салбар зөвлөл болон гишүүн байгууллагууд хамтран иргэдэд хууль сурталчлах, мэдээлэл өгөх өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр хуралдав.
Хурлаар дээрх өдөрлөгийн зохион байгуулалтын төлөвлөгөөг баталжээ. Мөн өдөрлөгийг 2026 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд аймгийн төв талбайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэж Ховд аймгийн ИТХ-ын цахим хуудсаар танилцууллаа.
Энэ нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд давуу талтай юм.