ХОВД: Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-23 12:04:56

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймагт Жангар туулийг сэргээн өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой чухал ажил эхлээд байна.

Тууль бол ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл бөгөөд түүнийг аялгуулан хайлах нь монголчуудын өвөрмөц урлагийн нэг билээ.

Энэ уламжлалыг хадгалж, залуу үед өвлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг Ховд аймагт өрнүүлж байна.


Тодруулбал, Жангар туулийг заан сургах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Сургалтад хамрагдах хүсэлт гаргасан 50 гаруй хүнээс шалгаруулж, 10 оролцогчийг сонгон авчээ.  

Тэд 10 хоногийн хугацаанд тууль хайлах арга барил, товшуур хөгжимдөх ур чадварыг эзэмших юм. Мөн цаашид дараагийн шатны сургалтад хамрагдаж мэдлэг, чадвараа гүнзгийрүүлэхийг зорьж байна. Ингэснээр Жангар туулийг язгуур хэв шинжээр нь өвлөн хамгаалж, соёлын биет бус өвийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. 

Сургалтыг Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн батламжит туульч А.Балдандорж тэргүүтэй туульчид удирдан чиглүүлнэ. Ингэхдээ нэрт туульч М.Пүрэвжал агсны аялгуу, хэв маягийг сэргээн амилуулахыг зорьж байгаа нь мөн чухал ач холбогдолтой юм. 


Жангар тууль нь 15–17 дугаар зууны үед ойрад монголчуудын дунд аман уламжлалаар дамжин хөгжсөн баатарлаг тууль бөгөөд монгол ардын соёлын үнэт өвд тооцогддог. Иймээс уг сургалт нь зөвхөн нэг урлагийг зааж сургах төдий бус, үндэсний өв соёлыг хадгалж, ирээдүй хойч үедээ уламжлуулах чухал алхам болж байгааг албаныхан онцоллоо.  Сургалтыг зохион байгуулахад Ховд аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран ажиллаж байна.  

Ийнхүү 
Жангар туулийг сэргээн өвлүүлэх, залуу үеийн жангар туульчдыг бэлтгэх шавь сургалт энэ сарын 22-нд нээлтээ хийсэн юм.  



Холбоотой мэдээ