Ш.Цогтхүү: Сандарсан хүнд жирэлзээд өнгөрөх байг мэдэрч чадвал “Намайг онооч ээ” гээд зогсож харагддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2026-02-19 10:41:52

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Морин туурай, нум сумны чимээнд агшин зуурт бие, тархи, хараа, оюун, сэтгэлээ төвлөрүүлэх урлагийг цогцлоосон спортын төрөл бол морьт харваа юм. Морьт харваа нь нүүдэлчин ард түмний соёлд чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Чингис хааны үеийн монгол цэрэг морьт харваагаараа дэлхийд алдартай байсан бол орчин үед спорт, уламжлалт урлаг хэлбэрээр хөгжиж байна. Энэ талаар Монголын Морьт харвааны холбооны тэргүүн, “Хан Монгол” морин циркийг үүсгэн байгуулагч Ш.Цогтхүүтэй ярилцлаа.


-Монголчууд морьт харвааны спортыг богино хугацаанд сэргээн хөгжүүлж амжилт гаргаж байна. Орчин үеийн морьт харваа уламжлалаасаа хэр өөр вэ?

-Морьт харваа гэхээр Чингис хааны дэлхийн талыг эзэлсэн хуяг дуулгатай баатар эрсээр төсөөлдөг. Хурдан шалмаг монгол адуугаа унаж, хөнгөн хуяг дуулгатай, нум сум агссан морьт цэргүүд байсныг түүхэнд бичсэн байдаг. Тэр үеийн морьтон баатрууд өнөө цагт морьт харвааны спортынхон юм. Нүүдлийн соёлд морь маш том байр суурь эзэлдэг. Морьт харваа нь олон улсад жигд өндөр түвшинд хөгжсөн, олимпын төрөлд багтах магадлалтай. Монгол адуун соёлыг дэлхийд гаргах дөт гарц бол морьт харвааны өв соёл. Спорт юм шиг ч нөгөө талаараа үндэсний өв соёл. Түүхийг сэргээсэн мэт мэдрэмж төрүүлдэг гайхамшигтай спорт. Олон улсын чанартай тэмцээн уралдаан болдгоороо үндэсний спорт дундаа эрчтэй хөгжиж байгаа төрөл. Бид өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж буйгаараа, ур чадвараараа гадаадынхнаас ялгардаг учир монголын уламжлалт өв соёлын нэг хэсэг болдог.   


-Морьт харваач ямар ур чадварыг заавал эзэмших ёстой вэ?

-Би циркийн жүжигчнээр 40 гаруй жил ажиллалаа. Циркт морин дээрээс нум сум, шаар, мөн морьтой хүний мөрөн дээр зогсож бай харвах үзүүлбэр үзүүлдэг байсан. Энэ маань морьт харвааны спортыг дурлан сонирхож хөгжүүлэхэд түлхэц болсон.


Хурдтай хөгжиж буй юманд алдаа оноо байна. Дэндүү омогшоод байгаа нь нэг талаараа сайнгүй. Төлөвшил, ёс зүй үгүйлэгддэг. Жишээ нь таэквондо, жүдо гэхэд тамирчид нь дэвжээндээ мөргөөд, багшаа хүндэтгэх гэхчлэн дэг жаягтай байдаг. Яваандаа ёс зүй, дүрэм журамтай болох байх. Багш нь багш шиг, шавь нь шавь шиг байх ёс зүйг журамлаж тогтоох шаардлага бий. Хөгжлийнхөө жамаар л явж буй, цаг хугацааны асуудал байх аа.


-Энэ спортоор хичээллэхэд хамгийн хэцүү, бас сонирхолтой нь юу вэ?

-БНСУ-ын Чэжүд 2004 онд анх тэмцээнд чадна, мэднэ гэж их бардам очоод, нум сум, харвах техник биш гэдгээ мэдэрсэн. Гэхдээ циркийн жүжигчин Л.Баттөр бид хоёр хос мөнгөн медаль авч байлаа. “Мянга сонсохоор нэг үзгэгчээр олон улсын тэмцээнд оролцож багагүй туршлага хуримтлуулсан. Бидний давуу тал юу вэ, юу сурах вэ гэж судлан, зөв гаргалгаа, техник, дадлага хийснээрээ дэлхийн морьт харвааны олон улсын тэмцээний ертөнцөд богино хугацаанд байр сууриа олсон. Одоо бол монголчууд оролцож буй тэмцээний чансаа өндөр байдаг болсон.


-Морьт харвааг хүмүүс хэр сонирхож хичээллэж байна вэ?

-Хүмүүс маш их дурладаг. Гадаад хүмүүс дэлхийн талыг эзэлж байсан бие жижиг хурдан морь унаад тэмцээнд оролцох нь нэр төрийн хэрэг болчихож. Тэд анх ирээд, монгол адууг “Намайг даах уу” гэх маягтай чамлангуй хардаг. Унаад эдлээд үзэхээрээ ямар их шандастхайг гайхаж, эвтэйхэн сайхныг нь мэдэрдэг.

Багадаа мөрөөдлөө биелүүлж чадаагүй хүмүүс хүүхэд, ач зээ нараа сайн харваач биш ч морь унаж, нум сум барьдаг болгочихсон гээд дагуулж их ирнэ. Тэдэн дундаас дурлаж мэрийсэн нь гүнзгийрүүлээд хөгжүүлээд явдаг даа.


-Морьт харвааг эмэгтэй хүн хэр сонирхож байна вэ?

-Айхтар сонирхдог, тэр тусмаа залуу охид. Мэрийлттэй, эрэмгий, хор шартай ч гэж жигтэйхэн. Эрчүүдтэй ана мана л үзэлцэнэ. Эмэгтэй хүний хуруу гарны хөдөлгөөн байгалиасаа уян болохоор сум сумлах техник мэдрэмж эрчүүдийнхээс илүү. Мэдээж эрчүүд төрөлхийн эрэмгий, тулаанч чанараараа хамаагүй давуу л даа.


-Гадаадын тэмцээнд оролцож байсан сонирхолтой түүхээсээ хуваалцана уу?

вропын аваргын тэмцээнд 2008 онд хуяг дуулгаа бэлдээд очсон. Харваачид маань малгай хүнд, халуун байнаа, авчих уу гэхэд нь “Имижээ алдахгүй шүү, байж бай” гээд гүрийлгээд л байсан. Дараа нь монголын морьт харваачдын зургийг тэмцээний цомгийн нүүрэнд тавьсан байж билээ. Энэ тэмцээнд циркийн жүжигчин, морьт харваач Л.Баттөр, Н.Даваадорж бид гурав 80 гаруй харваачаас 9-11 дүгээр байранд орж байлаа.


Өнгөрсөн онд Японд болсон “Хубилай хааны довтолсны 750 жилийн ой”-д зориулсан дайчдын сүнсийг амрааж хүндэтгэл илэрхийлэх “Ябусама” үзүүлэх тоглолтод оролцсон. Тэд биднийг “Хубилай хааны төмөр дайчид иржээ, япончууд унахаар явахгүй морь монголчуудыг унахаар давхиад байна, тэд морьтойгоо ярьдаг юм байна” гэх мэтээр шуугиж, бичиж байсан. Бид мөн л имижээ алдахгүй хуяг дуулгатайгаа очиж тоглолтыг чимсэн дээ.


-Морьт харвааг яг хэзээнээс сэргээсэн бэ?

поны “Ябусама морьт харвааны тоглолт 1991-1992 онд манайд болсон. Эндээс сэдэл авч Монголын морьт харвааны холбоо байгуулсан. Тэд “Японд самурайн урлагаас үүдэлтэй, уул нь танай улсын соёл, баатарлаг урлаг шүү дээ” гэж байсан. Япончууд 2-3 жил морьт харвааны үзүүлэх тоглолт хийх гэж ирээд тэмцээн зохиогоод түрүүлчихээд явдаг байсан. Гурав дахь жилээс бид сайжирч, одоо бол японуудад зааж байна. Өнгөрсөн жил “Ябусама” харваачдыг олон улсын морьт харааны холбоотой холбож өгье гээд спортын нум сум 5-ыг бэлэглэсэн. Монголд хүрээд ир, хамтарч сургалт хийе гэж ярилцсан байгаа.


-Монгол морьт харвааг олон улсын стандартаар хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ?

-Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд сургалтын төвтэй. Би зэгсэн адуу мал, нум сум, хэрэгсэлтэй. Төр засгаас дэмжээд, дүүргүүдийн спорт хорооны дэргэд морьт харвааны клуб байгуулж түрээсийг зохицуулбал олон хүүхэд сурна даа. Хөвгүүдийн баатар болох нууц мөрөөдөл орчин цагт энэ спортын төрөл юм. Морьт харваа хөгжөөд ирвэл спортоос гадна аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно. Чингис хааны үр сад юм байна, ийм байж л дэлхийн талыг эзэлжээ гээд шимтэн үзэж, бас бодно шүү дээ.


Бэлтгэлээ жилийн дөрвөн улирал хийхэд хүндрэлтэй. Өвөл зааланд харвах дадлага, гар хурууны дасгал, мөн нисдэг, өнхөрдөг, хөдөлгөөнтэй янз янзын бай харваж, хөдөлгөөн дунд дасгал хийдэг. Дөрөвдүгээр сараас л гадаа бэлтгэлээ эхэлдэг дээ.


-Тэмцээний үеэр хамгийн хэцүү сорилт нь юу байдаг вэ?

-Морьт харваа өөрийгөө ялдаг спорт учир сэтгэл зүй, төвлөрөл чухал. Нэг гараанд 5-6 сум харвана. Үндэсний сурын нэг сум тавих хэмжээнд 5-10-ыг тавьж цаг хугацаатай уралддаг. Сэтгэл зүйгээ бэлдээгүй, биеэ бариад, тайван бус байвал тэмцээнд амжилт үзүүлэхгүй. Бодож төлөвлөөд, бүх юмаа цэгцэлж хянана. Ойрхон олон сум харвахад эхнийхийгээ харваагүй байж дараагийнх амжих болов уу гэж бодвол хоёр сум хоёулаа амжилтгүй болно. Яарснаасаа байнуудын дунд тархи сарнидаг. Эхнийхийгээ зөв харваснаар дараагийнх сайн болно. Хүн яарахаараа үйлдлээ дутуу хийдэг. Олон дасгал залгаж хийхэд дараагийн үйлдлээ бодох нь алдаа. Төгс харваагаа хий, хүлээ, тогтож харва гэдэг. Үзэгч харахад жирэлзээд өнгөрч буй мэт ч хүлээж тогтоод мэдрээд харваж буй хүнд хурдан үйлдэл киноны удаашруулсан дүрс шиг л бодол дунд удааширч мэдрэгддэг. Бай бол сандарсан үед ялаа нисэх мэт хурдан ч мэдэрсэн хүнд “Намайг онооч ээ гээд зогсдог ш дээ. Ийм мэдрэмж орж иртэл дасгалжуулагч тамирчин хоёр ажиллана. Зуун метр зайг 7 секундэд туулахдаа зарим нь 10 сум харвах нь ур чадвар, мэдрэмж шүү дээ.


-Морьт харваагаар хичээллэхийг ач тус их л байх даа?

-Хөдөлгөөний дутагдлыг бүрэн арилгана. Бэлтгэлдээ 300 сум харвана. Сумаа авах гэж нааш цааш 60 удаа явна. Байгальд алхаж бодож төвлөрнө. Моринд мордоод нумаа татах, сум гаргаад, хаана онох нь нүдний өмнө ил байдаг мэдрэмж таашаал нь тасархай. Хүүхдүүд бэлтгэл хийх цаг дуусах үед “Дахиад ганцхан” гээд шунадаг. Би “Морио хайрла, маргааш байна” гэдэг юм. Тэгтлээ шунан дурладаг спорт. Морь унах тухай бус морь миний хөл шиг гүйхийг мэдрэх ёстой. Бэлтгэл сургуулилт дээр сэтгэл зүйгээ тэгж хөдөлгөдөг.

          

            Монголчууд морьт харвааны спортыг эксприм болгосон нь


-Монголчууд оролцож буй тэмцээний чансаа өндөр болсон гэхээр бид энэ спортод ямар ахиц дэвшил авчирсан бэ?

-Монголчууд морины хурд дунд эрэмгий харвадаг. Морин дээр энгэр заам зазайтал, хормой хот дэрвэтэл давхиж байгааг хараад хүмүүс хурдаас таашаал авч огшдог. Нисэж мэт давхих морин дээрээс жирсхийтэл харвахаар хэзээ нь сумлаад, хаана нь харваж бай оноод байгааг биширч гайхдаг. “Цахилж яваа зээрийн нүдийг онодог мэргэн харваач гэдэг нь энэ цагт морьт харваачид. Монголчууд морьт харвааны спортод морины хурдыг нэвтрүүлж экстрим болгон, энэ спортын хөгжилд маш том үсрэлт хийсэн. Монгол хүн морины богино дөрөөн дээр жийж явдаг нь давуу талтай. Европчууд том адуугаа урт дөрөөтэй унаж, дөрөөгөө тэнцвэр олох төдий ашиглан, тухтай сууж явдаг. Харин бид дөрөөн дээрээ босож явдаг нь биеийн хөдөлгөөнийг багасгадаг. Монгол адуу хурдлах тусам овгонох хөдөлгөөн багасаж урсаад явдаг нь тамирчинд бай онох таатай нөхцөл болдог. Дөрөөн дээрээ босож явах нь морь хүн хоёр нэг болж буй хэрэг. Хурд дунд харвах нь гол шалгуур болсон. Монгол хүн адуун дээрээ гарахаараа бүтэн болчихдог. Улсын наадамд морь унаад явж буй хүний харц дээгүүр, мэдрэмж шал өөр байдаг даа. Сайхан эмээл хазаартай, гоё хувцастай бол хүнтэй ярихгүй ч сэтгэл дотроо омогшил, бахархалаа тээгээд явдаг байхгүй юу.


-Хурдтай давхиж буй морин дээрээс харвахад цаг агаарыг хүртэл мэдэрч сумаа тавих нь ээ?

-Тэгэлгүй яахав. Эвэр элэгтэй, шөрмөсөн артай, амьтны гаралтай материалаар хийсэн нум халуунд уярч, хүйтэнд чангардаг тул үндэсний сурынхан харваж дуусаад хөвчөө буулгаж амраадаг. Морьт харваачид ийм нумаар харвах нь учир дутагдалтай. Олон давтамжтай сум тавихаар гэмтэх магадлалтай. Жишээ нь үндэсний сурын харваанд ойрхон 20-30 сум тавихад хатуу нумтай учир ядрахаас гадна хагас өдрийн бэлтгэл ханалаа гэдэг. Морьт харваачид зөвхөн газраас харвахад багадаа 300-400 сумыг 2-3 цагийн бэлтгэлд давтаж, харвах сумлах барилтай болно. Харвахдаа давхиж буй морио хянана, байны өндөр нам, нар салхиа тооцоолж мэдрэмжээ дагана.  


-Тэгвэл морьт харвааны нум сум гэж тусгай байдаг байх нь?

-Өмнө нь хурд гэж байгаагүй. Одоо секунд, долиор хэмжигдэж байна. Хурдтай бол шагналын оноо нэмэгддэг. Хүмүүс зөөлөн нумаар олон харвадаг бол монголчууд хурдыг оруулж ирснээр энэ нумны хөөх чадвар удааширч, сум хийсэх магадлалтай болсон. Хурдаа дагаад хөөлт сайтай хүчтэй нум сум хийж технологи нь өөрчлөгдсөн дөө.


Морьт харваа нь морь, нум, сум гээд өртөг ихтэй спортын төрөл. Байнга хөдөлгөөн дунд харвадаг учир сум хугарна. Хямд нэг ширхэг сум 15 мянган төгрөг. Нэг удаа 3-5 сум тавина гэхээр ядаж 10 сум хэрэгтэй. Нум нь 450 мянгаас дээш үнэтэй. Морины хурдыг дагаад технологийн дэвшлийг шингээхгүй бол амжилт байхгүй. Сайн морь, техник, хэрэглэл, ур чадвар бүгд цогцолж байж амжилт гаргана.


-Морьт харвааны спортод монголчууд морины хурдыг оруулж ирж, түүнийг нь дагаад нум сумны технологи өөрчлөгдсөн гэхээр гадаадын тамирчид манайхаас суралцдаг гэсэн үг үү?

-Манай тамирчид саадагнаас харвадаг техник буюу монгол стиль гэдгийг олон улсад гаргасан. Саадагнаас сумаа гаргаж харвах нь хамгийн хурдан техник. Саадагнаас авах дүрэмтэй, нумтайгаа цуг атгаж, гараасаа харвадаг төрөл ч бий. Монголчууд Ази барилаар сурсан. Энэ нь нумныхаа баруун гар талаас сумаа тавьдаг. Харин европ нь нумынхаа зүүн талаас сумаа тавьдаг онцлогтой.


Гадныхан манай морьт харвааг маш их сонирхох болсон. Өдрийн сургалтад суухаар ч ирдэг. Нэг австрали бүсгүй мориноос харваад онохгүй хичээлээ дуусахад “Би морин дээрээ тогтож байгаад ганц харвачихъя” гэж гуйж оночихоод баярлаж уйлаад буух жишээний. Морин дээрээс харвах мэдрэмж хүмүүсийг тэгж огшоодог. Бас хоёр америк бэлтгэлээ дуусахад би “Миний гол шалгуур бол бэлтгэл сургууль эрсдэлгүй байх л чухал” гэхэд тэд “Энэ шалгуур бид хоёрын хувьд гуравдугаарт байдаг” гээд инээснээ морт харвааны нэг өдрийн сургалтад суух нь уулнаас дугуйтай буухаас ч гоё юм. Бай онох мэдрэмж тасархай гээд уулга алдсан. Учир нь тэд шүхрээр бууж, уулын бартаат замд дугуйгаар явдаг хүмүүс байсан. Адал явдалд дуртай хүмүүс хүртэл маш их таашаал авч дурлаж шохоорхдог.


-Адуунд эрэмгий чанар манай морьт харваачдын давуу тал болдог уу?

-Монголчууд морь эзэмших чадвараараа хэнийг ч дагуулахгүй авьяастай. Бид яахав дээ, эмнэг адуун дээр гарахаараа хоохолзуур, бардам зан хөдөлж омогшино. Эмнэг булгиж байхад унахгүйгээ мэдэхээр онгирч буй ухаантай. Эмнэг булгиад эрсдэлтэй байхад инээгээд, ямар учир байна гээд гайхна. Чаддаг юмаа гайхуулж үйлдлээрээ харуулж байгаа юм. Адгуустай ноцолдох нь эр хүний бардамнал юм уу даа. Нэг хошин явдлыг дурсахад, би адуу булгиулж байх нэг чөлөөнд нусаа нийчихсэн юм. Өнөөдүүл чинь “Хүн ойчихгүйгээ боддог байхад бас завтай” гээд учиргүй хөхрөлдөн бөөн инээдэм болж билээ.


Эксптрим спортын төрөл учир адуугаа шилж сонгож авна. Мориныхоо хурдад найдаад сэтгэл амар харвана. Малгай ойчиж, зарим хүүхний үсний боолт тайлагдаад л, тэр эрч, хурд хүнийг хөглөдөг. Хурд дунд харвах нь сайн техник шаардана. Тоогоор ярьвал замагтай буу буудахад 2-3 секунд болдог бол морьт харваач 1 секундэд 1 сум гаргах чадвар суудаг. Нэг гээд тоолоход сум авч сумлаад, татаад, харваад, бай онох дадал сууна гэдэг маш их дадлага бэлтгэл сургуулилт хийнэ гэсэн үг.


                                              Морьт харваачдын мөрөөдөл...


Морьт харвааны клуб, сургалтын төв сүүлийн жилүүдэд олон болжээ. Энэ нь спортоос гадна аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж буйн илрэл. Алсдаа маш олон хүн харваж сураад, нийтийн хүртээл болчихвол үндэсний баяр наадмын төрөлд багтаах зорилго бий. Энэ талаар янз бүрийн хэлэлцүүлэг өрнөдөг болсон. Тэдэнд төр засгаас дэмжиж, дүүргүүдийн спорт хорооны дэргэд морьт харвааны клуб байгуулаад түрээсийг нь хөнгөвчлөх зэрэг зохицуулалт хэрэгтэй аж.


Үндэсний баяр наадмын төрөлд багтаахын тулд юуны өмнө морьт харваачдын дүрэм журам, дэг, ёс зүйг цэгцэлж, системтэй зөв бодлоготой болгохыг эрдэмзэж байгааг багш дасгалжуулагч Ш.Цогтхүү онцлов.


Морьт харвааг үндэсний баяр наадмын төрөлд багтаах мөрөөдөлтэй тэрбээр “Шагайн харваа наадмын 4 дэх төрөлд багтчихаад байхад морьт харваа бол “Хаалгыг нь цөм өшиглөөд орно гэж боддог. Морьт харвааг үзэгчид шуугиж, омогшиж үздэг спорт. Морьдын уралдааны зөвхөн бариаг нь л үзэх гэж хэчнээн хүн сэтгэл догдлон хүлээдэг билээ. Морьт харваа ч гэсэн хурдны дунд харваа, яриа тайлбартай, тэр чигээрээ үзүүлбэр байдаг. Морьт харвааны спорт олон улсад инновац шингээгээд, экстрим болж хөгжиж байна. Олимпын төрөл болоход ойрхон. Амыг нь тавьбал зогсохгүй давхих шинж чанар монгол адуунд байдаг. Нүүдэлчдийн соёлын фестивальд морьт харвааны тэмцээнд хориод орны зуу гаруй тамирчин оролцсон. Даншиг наадамд үндсэн спортынх нь нэг төрөл болоод 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа шүү дээ” хэмээв.


Богд хаант засгийн үед даншиг наадам угтаж залуусыг шалгаруулж бүтэн сар бэлтгээд, морьт харвааны тэмцээн зохион байгуулж, хонь, зоосоор шагнаж, моринд муу, онож харваагүйг нь шийтгэж байсан, мөн 1937 онд наадмын төрөлд оруулж байгаад тасарсан түүхтэй ажээ. 

Холбоотой мэдээ