Ж.Алтанчимэг: Циркчин биш хэрнээ циркт дуртай болж, нэг зорилготой урагшилсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136 @gmail.com
2026-02-22 10:50:50

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Netflix-ийн “Physical: Asia” шоуны Монголын багийн гишүүн, уран нугараач Э.Лхагва-Очир уян хатан байдал, хүч чадал, тэсвэр хатуужлыг гайхалтай хослуулан, Азийн шилдэг оролцогчдын дунд ур чадвараараа ялгарсан. Энэ удаа авьяаслаг гэр бүлийг онцолж түүний гэргий,  циркийн жүжигчин, агаарын гимнастикч, “Акро Монголиа Энтертаймэнт & Эдьюкэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ж.Алтанчимэгтэй ярилцлаа.


-Netflix-ийн “Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлгээр танай гэр бүлийн бэлтгэсэн монгол гэрийн хоолыг үзэгчдэд хүргэснээс гадна гэр бүлээрээ агаарын үзүүлбэр үзүүлсэн.  Таны хувьд 25 наснаасаа агаарын гимнастикийн төрлөөр хичээллэж эхэлсэн нь хүмүүсийн сонирхлыг ихээр татсан. Чухам яагаад циркийн урлагийг сонгох болов?

-Нөхөр маань циркчин болохоор байнгын хөдөлгөөнтэй амьдралдаа дассан. Харин би циркийн сургууль төгсөөгүй. Бидний амьдрал анхнаасаа л аялал, тоглолт дунд өрнөсөн. Намайг жирэмсэн байхад ч хань маань богино, урт хугацаагаар гадаад, дотоодын олон орноор явж ажилладаг байлаа. Том охиноо төрүүлээд маргааш нь эмнэлгээс гарах байсан ч нөхөр маань яг тэр үед Итали улс руу тэмцээнд явах болж, сарын дараа эргэж ирж байлаа. Монголд ирэхээр тогтмол цалин, тогтвортой ажилгүй болохоор гадагшаа явах хэрэгтэй болдог. Би үүнийг нь “энэ хүн явж байж бидний амьдрал дээшилнэ” гэж ойлгодог байсан.

2014 онд ууган охиноо нэг настай байхад би циркт бэлтгэл хийхээр орсон юм. Охиноо өсгөх, гэрийн бүх хариуцлагыг давхар үүрэх, төрсний дараах стресс гээд бүгд миний толгой дээр байсан л даа. Нэг өдөр манай нөхрийн агаарын гимнастикийн багш МУСТА Б.Янжинбилэг надтай холбогдож, ирээдүйн зорилгын талаар асуув. Би өмнө нь МИАТ-ийн олон улсын бүртгэлд ажиллаж байсан ч жирэмсэн болж жижүүрт гарах боломжгүй болсны улмаас ажлаасаа гарсан юм. Хэсэг хугацаанд эргэж орно гэж бодож байсан ч чадаагүй.


Олон улс руу явдаг нь гоё санагдаад багадаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байлаа. Харин багш маань циркээр хичээллэхийг санал болгосон. Багш намайг морь шинжиж байгаа мэт нуруу, үе мөч, биеийн өв тэгш, уян хатан байдал гээд шалгасан. Тэгээд “Чи болно оо. Юм хийдэггүй байсан болохоор шөрмөс хатуу байгаа нь ойлгомжтой. Насанд хүрчихсэн ч гэсэн уярдаг, үе мөчний сунгалт чухал” гэж хэлсэн.


Лхагваа нэг сарын дараа ирэх байсан тул бид тэр хугацаанд “шпагат сууж сурна” гэж тохирсон. Миний хувьд хамгийн хэцүү нь шпагат байлаа. Гэхдээ багш маань намайг турник, олс дээр татуулж үзээд, “Чи сулбагар биш, шөрмөстэй, бяртай юм байна” гэж итгэл өгсөн. Тэгээд бүр “Лхагваад сюрприз барьж, хамтдаа агаарын үзүүлбэр хийчих. Би та хоёрт агаарын номер хийж өгье. Хамт явж байвал гоё” гэхэд нь хонгилын үзүүрт гэрэл асах шиг л болсон.


Бэлтгэлээ эхэлж, ердөө 7 хоногийн дотор шпагат сууж, бичлэгээ Лхагваад явуулахад маш их гайхсан. Сарын дараа уулзахад би биеэ даачихсан, агаарын ремень /олс/ дээр хөдөлгөөн хийх чадвартай болсон байлаа. Гурван сарын дараа бид анх удаа АСА циркийн манежинд тайзан дээр гарч, нөхөртэйгөө хамт агаарын үзүүлбэр үзүүлсэн. Багш, бусад хүмүүс “Чи ямар азтай юм бэ, гуравхан сар бэлтгэл хийж, тайзан дээр гарна гэдэг ховор шүү” гэж хэлсэн. Зарим нь шүүмжилсэн ч, дэмжсэн олон хүмүүс байсан тул урам авч, цаашдаа улам хичээе гэж шийдсэн.


-Тайзнаа анх гарахад ямар мэдрэмж төрж байв. Таны энэ сонголт, анхны тоглолтыг гэр бүлийнхэн тань ямар сэтгэлээр хүлээн авсан бэ?

-Анх тайзан дээр гарсан мэдрэмж үнэхээр сонин. Их сандарч, бараг хөшчихдөг юм билээ. АСА цирк 1800 хүний суудалтай, дүүрэн үзэгчтэй. Тайзан дээр гарахад өөрийнхөө биеийг удирдаж, хөдлөхөд хүндрэлтэй байсан. Ямартай ч үзүүлбэрээ үзүүлсэн. Тэр үед би 25 настай байсан. Охиноо 23-тайдаа төрүүлээд, 24-25 хүрэх жилдээ л анхны том тайзнаа гарсан гэсэн үг.

Гэр бүлийнхэн маань маш сайн хүлээж авсан. Ээж минь багаас л “Эхнэр, нөхөр хоёр хаана ч явсан хамтдаа байх ёстой” гэж захидаг байсан. Гадаад ч бай, дотоодод ч бай, хамтдаа явж, хамтдаа байж сур гэдэг зарчимтай хүн.

“Аcro Mongolia” компани шиг гэр бүлээрээ хамтран уран бүтээл хийдэг хамт олонд бие биеэ мэдрэх чадвар хамгийн чухал. Зөвхөн хөдөлгөөн төдийгүй амьсгал, хэмнэл, харц хүртэл нэг түвшинд байх шаардлагатай. Гэхдээ бодит амьдрал дээр энэ холбоо заримдаа тасалдах үе бий.


-“Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлгээр та бүхэн гэр бүлээрээ хамтран үзүүлбэр үзүүлж, үзэгчдийг гайхшруулсан. Нэг тайзан дээр гэр бүлээрээ гарахад ямар онцгой мэдрэмж төрүүлдэг бэ, мөн энэ үзүүлбэр та бүхний уран бүтээлд ямар утга, үнэ цэнийг илэрхийлж байсан бол?

-Манай хүн сүүлийн жилүүдэд ганцаарчилсан номер дээрээ илүү төвлөрч ажиллаж байсан учраас бид хоёрын хамтын үзүүлбэр хэсэг хугацаанд зогссон. Бараг хоёр жилийн турш хамт номероо хийгээгүй байж байгаад саяхан “Netflix”-ийн шоунд дахин хамтарсан юм. Тэр үед манай хүн зарим хөдөлгөөнөө мартчихсан, тайзан дээр эргэж харахад царай нь харагдахгүй, харцаараа л ойлголцоно. Инээж байгаа хэрнээ дотроо нэлээд сандарсан байдалтай. Энэ бүхэн бэлтгэл ямар чухал болохыг маш тод харуулсан.


Циркийн жүжигчид тогтмол бэлтгэлтэй байх шаардлагатай. Форм алдагдвал сунгалт шууд хатуурч, хүч чадал суларна. Тиймээс циркийн уран бүтээлч бэлтгэлээ ттасралтгүй хийх хэрэгтэй.


Acro Mongolia” компанийн тоглолтуудад тайзан дээр гарч тоглодог жүжигчдийг ээлжлэн солих шаардлага байнга гардаг. Учир нь бэлтгэл хийж байгаа үе, бодит тоглолтын орчин тэнгэр газар шиг ялгаатай. Тиймээс аль аль бүрэлдэхүүнийг тайзан дээр гаргахын тулд портнероо сольж, зохицуулан ажилладаг байсан.

Netflix-ээр гарсан нэг бичлэгийг үзсэн хүмүүс “хоёулаа биш, охидтойгоо гэр бүлээрээ тоглосон юм уу” гэж асууж, янз бүрээр ойлгож байна. Үнэндээ энэ бол удам угсаа, циркчдийн амьдралын онцлогтой холбоотой. Циркчид хүүхдүүдээ багаас нь авч явж, орчинд нь дасгадаг учраас тэд тайз, бэлтгэлийн уур амьсгалд өсдөг.


Саяхан би нэг бичлэг нийтэлсэн чинь хүмүүс манай том охиныг бага охинтой маань андуураад, цаашаа шэйрлээд явчихсан байсан. Бичлэг нь 2015 оны зуных. Тэр жил бид “ANGELS Mongolian Modern Circus Theatre” -ийн циркчидтэй нэг баг болж, Турк улсад зургаан сарын гэрээгээр тоглосон юм. Туркт 5 одтой зочид буудлуудад тоглолт хийж байлаа.


Тухайн үед би хоёр дахь охиноо гэдсэндээ тээж байсан. Эмч “жирэмсний эхний гурван сард тайзан дээр гарч болно, түүнээс хойш хүүхдэд аюултай” гэж зөвлөсөн. Тиймээс эхний гурван сард өөрөө тоглоод, дараагийн үед өөрийнхөө оронд том охиноо тайзан дээр гаргасан. Манай том охин тухайн тоглолтын хугацаанд бараг дөрвөн сарын турш тайзан дээр тоглосон. Саяхан нийтэлсэн бичлэг маань дөнгөж эхэлж байсан үеийнх, харин сүүл рүүгээ нэлээд сайжирсан. Намайг бэлтгэл хийж байхад л ремень дээр зүүгдээд, эргэлдэж сурчихсан хүүхэд шүү дээ. Бидний хийдэг хөдөлгөөнүүдийг аавтайгаа яг адилхан хийж байсан.


Бид 14 жүжигчин тайзан дээр гарна гэж гэрээ хийчихсэн учраас заавал бүгдээрээ байх ёстой байв. Иймээс би өөрийнхөө оронд охиноо гаргахаар болсон. Энэ санааг “ANGELS Mongolian Modern Circus Theatre”-ийн захирал, МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэг эгч маань гаргаж, “Аав охин хоёр хамт гарвал бүр гоё, хүмүүсийн хайрыг татна” гэж зориг өгсөн юм.


Ингэснээр манай охин 2 нас 6 сартайдаа Монгол Улсаас олон улсын тайзан дээр гарсан хамгийн бяцхан жүжигчдийн нэг болсон.


Түүнээс хойш нугараач болгох, эсэх тухай бодож эхэлсэн.

Дараа нь дүү нь төрсөн, дахиад охин. Гурав дахь нь ч мөн охин. Тэгээд ойр хавийн хүмүүс “та нар охидуудаараа уран нугаралтын хамтлагтай юм биш үү, хос, гурвал, дөрвөл гээд” хэмээн тоглоомоор ярьж эхэлсэн.


Нөхөр циркчин хүн болохоор миний амьдрал ч цирктэй салшгүй холбоотой. Тэгээд нэг өдөр “охидуудаа циркийн жүжигчин болговол яах вэ” гэхэд манай хүн энэ мэргэжлийн хатуу, хэцүүг маш сайн мэддэг болохоор “циркчин болгох амаргүй шүү, ихэнх циркчид хүүхдүүдээ циркчин болгодоггүй юм” гэсэн л дээ. Тиймээс бид яаран шийдвэр гаргахаас татгалзаж, энэ бүхнийг сайтар бодож, ярилцаж, хамгийн гол нь хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг харж байж шийдэхээр үлдээсэн юм.


Циркийн жүжигчин болох зам бол хатуужил, сахилга бат дээр тогтдог, бараг л хагас цэрэгжилтийн дэглэмтэй амьдрал. Хүүхдүүд хичээлээсээ тараад шууд бэлтгэлдээ орно. Өнөөдөр ядарсан, дургүй байсан ч дасгал бүрээ алгасах эрхгүй, тэр бэлтгэл дунд уйлах үе зөндөө. Заримдаа гэр дүүрэн уйлаан болно, бүр хөршүүдээсээ санаа зовно шүү дээ. Гэхдээ тэр нулимс бүрийн цаана тэсвэр, зориг, тайзнаа гарах жинхэнэ жүжигчний суурь аажмаар төлөвшиж байдаг.


-Циркийн жүжигчин хүний бие махбодийн бэлэн байдал, сэтгэл зүйн бэлтгэл хоёрыг хэрхэн тэнцвэржүүлж, бэртэл гэмтлээс сэргийлдэг вэ?

-Цирк бол бие махбод, сэтгэл зүй хоёуланг нь зэрэг сорьдог урлаг. Тэмцээн уралдаан, тоглолт давхацсан үед бэртэл гэмтэл тулгарна. Би хоёр мөрөө зэрэг гэмтээж байсан. Манай үзүүлбэрүүдийн ихэнх нь гар, мөрөнд ачаалал өгдөг, зүүгддэг, авирдаг хөдөлгөөнтэй учраас мөр бол хамгийн чухал эрхтэн.


2023 онд “Авьяаслаг Монголчууд”-д манай хамтлаг оролцож байх үед хагас финалын үзүүлбэрээс 4-5 хоногийн өмнө мөрний шөрмөс сунаж, үнэхээр тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан. Зураг авалтын өмнөх хоёр өдөр огт авирч чадахгүй, өвчин намдаах эм, хөлдөөгч цацлага, наалт гээд бүх аргыг хэрэглэсэн. Харин бичлэг хийх яг тэр өдөр, дүүрэн үзэгчтэй танхимд бүх зүйл лайваар явж байхад би чадсан.


Энэ бол цэвэр сэтгэл зүйн хүч. Өмнөх өдрүүдэд нь дотроо “чадна аа” гэж хэлж байсан ч болж өгөөгүй. Харин яг тэр мөчид тархи биеэ удирдаад, боломжгүй мэт санагдсан зүйлийг хийж чадсан. Түүнийгээ одоо хүртэл гайхдаг.


Үүнээс хойш мөрөө бүрэн эмчлээд бараг нэг жил циркээс завсарлаж, өнгөрсөн намраас бэлтгэлдээ эргэн орсон. Тиймээс хүний сэтгэл зүй үнэхээр бүхнийг удирддаг гэдгийг ойлгосон.

Манай хүн гала тоглолтын үеэр тайзны ширээ буруу байрласнаас болж, аюулгүйн бүсээ зүүх боломжгүй болсон. Дээрээс нь жижиг доголдол нэмэгдэж, “энэ удаа болохгүй юм байна” гэсэн бодол тархинд нь суусан тэр мөчид осол гарсан. Та бүхэн санаж байвал өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын нээлт дээр, салхи ихтэй, аюулгүйн бүсгүйгээр үзүүлбэрээ хийхдээ ямар ч асуудалгүй гүйцэтгэсэн. Яагаад гэвэл тэр үед анхнаасаа “би бүсгүй” гэдгээ тархиндаа хүлээн зөвшөөрчихсөн байсан. Тиймээс сэтгэл зүй бол амжилт, аюулгүй байдал, тэсвэр хатуужлын үндэс гэж боддог.


-Сүүлийн үед танай гэр бүлийн тухайд хүмүүс их асууж, сонирхож байна. Netflix-ийн шоун дээр Э.Лхагва-Очир монголын далбаандаа сөгдөөд мөргөж буй нь, мөн гэр бүлийн нандин дүр зураг нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Одоо та хоёр гудамжаар явахад хүмүүсийн хандлага, хайр хүндлэл илт мэдрэгдэж байгаа байх?

-Онгоцны буудал дээр, дэлгүүрт, өдөр тутмын амьдрал дээр хүртэл “зураг авхуулъя” гэдэг хүсэлт тасрахгүй байгаа. Заримдаа бид хоёр “гайгүй хувцастай гараагүй шүү дээ” гээд санаа зовох үе ч гарсан. Гэхдээ энэ бүхэн Монголын циркийг, монгол уран бүтээлчдийг эерэгээр, гоёор сурталчилж, хүмүүсийн бахархлыг төрүүлж байгаагийн илрэл гэж бодож байна.


-Монгол циркийн урлагийг дэлхийд таниулахад танай гэр бүлийн дараагийн алхам юу байх вэ. Ойрын хугацаанд дотоод, гадаадын ямар тайзнаа тоглох төлөвлөгөөтэй байна вэ?

-Цаг хугацаа шахуу байгаа ч бид “Acro Mongolia”-гийн уран бүтээлчидтэйгээ, гэр бүл, хүүхдүүдийн хамтаар бүрэн хэмжээний циркийн тоглолт хийхээр БНСУ-ыг зорих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор ярианы түвшинд явж байгаа ч энэ жилдээ багтаан хэрэгжүүлэх зорилготой байгаа.

Хэрвээ тоглолт маань амжилттай болбол цаашлаад Филиппин, Сингапур, Малайз, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудаар аялан тоглох боломж нээгдэнэ гэж үзэж байна. Энэ бүхэн эхний тоглолтын амжилтаас шууд хамаарна.

Тоглолтын ерөнхий зохиол, номеруудын өрөлт аль хэдийнэ гарсан. 1 цаг 30 минутын бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн. Харин үүний ард маш их бэлтгэл ажил, хариуцлага, эрсдэл гарч байдаг.


-Монгол эмэгтэйчүүдийн тэсвэр, хүч чадлыг та юугаар нь хамгийн их бахархдаг вэ, тэдэнд хандаж юу хэлмээр байна вэ?

-Монгол эмэгтэйчүүдийг харахаар надад өрөвдөлтэй санагддаг үе бий. Ялангуяа хөдөө, эсвэл ахуйн хүнд нөхцөлд амьдарч байгаа эмэгтэйчүүд гал түлж, ус зөөж, бүхнийг өөр дээрээ үүрч явдаг хүмүүс зөндөө шүү дээ. Эмэгтэй хүн ер нь зовлонг их даадаг, хүндийг тэсвэрлэж сурчихсан байдаг юм шиг санагддаг. Миний хувьд ч гэсэн амьдрал тийм л замаар явсан. Бид хоёр хамт амьдарч эхэлснээс хойш бараг тал хугацааг л хамтдаа туулсан. Бага хоёр охиноо тээж байх хугацаанд манай хүн хажууд байгаагүй, тэр үед би нүүж суух, хүнсээ зөөх, хүнд зүйлс өргөх гэх мэт ажлыг өөрөө л хийдэг байсан. Тэгээд нэг мэдэхэд хүндийг хийж байна гэж бодохоо больчихдог юм байна билээ.

Найзууд маань “Чи чинь эрэгтэй хүн шиг юмны урдуур орж, хүнд юм өргөөд байдаг шүү дээ” гээд гайхдаг. Гэхдээ би тэрийгээ зовлон гэж боддоггүй. Харин ч амьдралын хатууг дааж сурсан, тэсвэр хатуужилтай байхын нэг үнэ цэн юм.

Ер нь амьдралд хамгийн чухал зүйл бол хоорондын хүндэтгэл гэж би боддог. Нэгнийгээ байнга уурлаж загнах, дорд үзэх, үл тоох юм бол тэр нь аажмаар хуримтлагдаад эцэстээ хэрүүл маргаан руу хөтөлдөг. Харин анхнаасаа хоорондоо гоё хүндэтгэлтэй, нэгнийгээ урамшуулж, дэмжиж чадвал бүх зүйл өөрөөр өрнөдөг.


Манай хүн миний бодол санааг үргэлж дэмжиж, “Чи чадна, болгоно, наадах чинь гоё санаа байна” гэж урам өгдөг. Тиймээс би циркчин биш хэрнээ циркт дуртай болж, хамтдаа охидуудаа ч хүртэл бэлтгэлд оруулж, нэг зорилготой урагшилж чадсан.


Бид хоёр зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө гаргаад, түүндээ хүрэхийн төлөө хамтдаа явдаг.


Нэг зорилго, нэг алсын хараатай байх үнэхээр чухал. Би дөрвөн хүүхэдтэйгээс гадна “Acro Mongolia”-гийн 20, 21 настай дүү нартаа эгч нь, заримдаа ээж шиг нь байдаг. “Хоолоо идсэн үү, бэлтгэлээ хийсэн үү” гээд л санаа зовно. Нэг мэдэхэд л долоо, найм, бүр арван хүүхэдтэй юм шиг болчихсон. Ийм их ачааллыг дааж чаддагийн гол шалтгаан нь миний ээж болон манай хүний дэмжлэг. Миний санаа бодол, хийе гэсэн бүхнийг маань үргэлж хүндэтгэж, дэмжиж ирсэн. Тийм болохоор өдөр тутмын харилцаа, хүндлэл, дэмжлэг гэдэг зүйл цаашдын том зорилгод хүрэх суурь болдог юм болов уу.


-Таны хувьд их ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ ургийн ном гаргасан. Энэ явцад өөрийнхөө болон өвөг дээдсийнхээ талаар юуг хамгийн ихээр ойлгож, мэдэрсэн бэ. Угийн бичгээрээ та үр хүүхдүүддээ ямар үнэт зүйл, захиасыг үлдээхийг зорьсон бол?

-2019 оны 6 дугаар сард нагац талын  ах маань санал тавьж, ургийн номын үндсэн эхийг бэлтгэх ажил надад оногдсон юм. Хамрах хүрээг тодорхойлох явцдаа би өөрийгөө зургаа дахь үе, харин манай хүүхдүүд долоо дахь үедээ явж байгааг анзаарсан.

Ургийн модыг зөв, ойлгомжтой байдлаар дүрслэхийн тулд олон айлын угийн бичгийг авч үзэн, уншиж, аль загвар нь уншихад ойлгомжтой, аль нь практик хэрэглээнд илүү тохиромжтой вэ гэдгийг харьцуулж судалсны эцэст өөрийн гэсэн загварыг боловсруулсан. Судалгаанд тулгуурлан хийсэн энэхүү бүтээл маань ах дүүс, хамаатан садны дунд нэлээд сайшаал хүртсэн л дээ.


Ургийн баяр, өв соёл, удам угсааны талаарх телевизийн соён гэгээрүүлэх нэвтрүүлгүүдэд оролцож, уг бүтээлээ олон нийтэд таниулах бодолтой байсан. Гэвч гадаад руу явах ажил давхацсанаас шалтгаалан одоогоор хэрэгжүүлж амжаагүй ч цаашид төлөвлөж байгаа.

Энэхүү ургийн номыг бүтээхийн тулд өвөг дээдсээ болон тэлж холдсон ах дүүсээ олж тогтоох асуудал тулгарахад зохиогч Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан Д.Лхагвасүрэн ах маань улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, орон нутгийн архивын газруудаар шүүлгэж,  баримт цуглуулж, миний ээж С.Сэржмядаг хамрагдах ёстой бүхий л хүмүүс рүү утас, интернет сүлжээ  зэргийг ашиглан холбогдож удмын нэг ч хүнийг үлдээлгүй номдоо оруулах зорилготой ажиллаж, харин би дөрвөн жилийн турш өдөрт дунджаар 15 цаг компьютерийн ард ажилласан. Баг бүрдүүлэхээр оролдсон ч хүмүүсийн завгүй байдал, зарим нь өөрийн гэр бүлийн мэдээллээ өгөхөөс татгалзсан зэргээс шалтгаалж ажил нэлээд удааширсан.


Гэсэн хэдий ч 11 мянга гаруй хүний нэр, бүртгэл, мэдээллийг багтаасан томоохон хэмжээний бүтээл болсон.


Номын агуулгад гурван өөр удмын мэдээлэл багтсан. Дээд талын нэгдүгээр үеэс салаалж явсан айлын ураг юм. Хоёрдугаар үед олон хүүхэдтэй байсан ч лам хувраг болсон, эсвэл гэр бүл зохиогоогүй зэргээс шалтгаалан удам нь тасарсан тохиолдол бий. Зөвхөн нэг хүүхэд нь удам залгуулан явсан тул түүний эхнэрийн талын удам угсааг хүртэл хамруулан судалсан. Ингэснээр хоёр айлын удам, мөн нагацын талын шугамаар үргэлжилсээр гурав дахь үеийн эхнэрийн талын удам хүртэл багтсан, нийтдээ гурван айлын угийн шастир болсон.


Ураг барилдсан эхний хоёр удмын мэдээллийг нэгтгэн нэг ном болгон боловсруулсан. Харин гурав дахь үеийн нагац элэнц эмэгийн талын удам угсааг тусад нь нэг ном болгон гаргасан. Ингэснээр А4 хэмжээтэй, 56 хх, 54.5 хх, зузаан 2 ном бүтсэн.

Ургийн зурлагад хүмүүсийн овог, нэр, айлын хэд дэх хүү /охин/ болох, төрсөн болон нас барсан он, гэрлэсэн он зэрэг мэдээллийг бүгдийг багтаасан нь урд хожид хийгдэж байгаагүй өргөн агуулгатай ургийн зурлага болсон.


Угийн бичигт хамрагдсан бүх хүнийг кодчилсон системээр бүртгэж, хамгийн эхний үеийн хүнийг Мөнх гэдэг байсан тул түүний нэрний эхний үсгийг ашиглан M1 гэж кодлосон. M1.2 гэвэл нэгдүгээр үеийн хоёр дахь хүүхэд, цаашлаад M1.2.3.4.6.2 гэх мэтээр доош салаалж явна. Ийнхүү кодчилсноор хүн өөрийн нэрийн өмнөх кодоор дамжуулан хэд дэх үеийн хүн болохоо шууд ойлгох боломжтой болсон.

Мөн ургийн зургаас гадна түүхэн товч намтар, хувь хүний талаарх мэдээллийг хавсарган оруулсан нь уншигчдад илүү ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болгосон. Бусад айлын ургийн номуудаас сайн туршлагыг нь шингээж, өөрийн хэрэгцээ, нөхцөлд нийцүүлэн боловсруулсан учраас энэхүү ном маань утга агуулга, бүтэц зохион байгуулалтын хувьд чанартай, бодит судалгаанд тулгуурласан бүтээл болсон гэж үнэлж байгаа.

 


Холбоотой мэдээ