ӨВӨРХАНГАЙ: Ханхөгшин хайрхныг тахина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Зуны
тэргүүн сарын эхээр Ханхөгшин хайрхны зургаа дахь удаагийн тахилга болно.
Аймгийн ИТХ-ын 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Ханхөгшин уул”-ыг орон нутгийн тахилгат хайрхнаар өргөмжилж, дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн.
Арвайхээр хотоос 100 гаруй, Хайрхандулаан сумаас хойш 20 гаруй километрт, далайн түвшнээс дээш 2978 метр өндөрт өргөгдөн оршдог Хан хэргэмт уг хайрхныг тахих нь хүн, байгалийн хүйн холбоог эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт уламжлал, нүүдэлчин ардын өв соёлыг сэргээн бадраах утга санаа, зорилгыг агуулдаг байна.
Энэ үеэр цагаан сум хөөргөх, цагаан сүүний цацал өргөх, цагаан азарга сэтэрлэх гэхчлэн зан үйл үйлдэхээс гадна 64 бөх барилдаж, гурван насны морьдыг уралдуулан бэсрэг наадам зохион байгуулдаг уламжлалтай. Түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр Ханхөгшин уулыг XIII зуунаас эхлэн хошууны хурлын шийдвэрээр тахиж байжээ.
