ЗАВХАН: “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөгөөр иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-22 15:59:13

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 22. /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын баг Завхан аймагт ажиллаж, төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор уулзалт хийжээ.


“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь үнэлэх, хяналт шалгалт хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, мөн эрх зөрчигдсөн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах зорилготой байна.


Мөн тухайн өдрийн хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хяналт шалгалт, сургалт зохион байгуулж байна. Түүнчлэн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байна. Нээлттэй өдрийн төгсгөлд дүгнэлт, тайлан гаргаж, Хүний Эрхийн Үндэсний Комиссын хуралдаанаар хэлэлцэн, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр зөвлөмж, туслалцаа үзүүлэх ажлыг хэрэгжүүлэх юм.


Завхан аймагт Хүний Эрхийн Үндэсний Комиссын референт ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль сурталчлах, иргэдэд зөвлөгөө өгөх, хяналт шалгалт хийх, шаардлага, зөвлөмж хүргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдлын мэдээллийн санг бүрдүүлж, төрийн байгууллагуудын статистик, бодлогын баримт бичиг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал болон гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээллийг цуглуулан ажиллаж байна.


Өнгөрсөн онд 10 өргөдөл, гомдол хүлээн авч, 7 удаагийн хяналт шалгалт хийж, 45 удаагийн сургалт зохион байгуулан, хүний эрхийн нөхцөл байдлын 10 судалгаа хийж, давхардсан тоогоор 310 гаруй иргэнд зөвлөгөө өгсөн талаар референт Ч.Наранхүү мэдээллээ. “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

Завхан аймгийн хүний эрхийн талаарх нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна


Холбоотой мэдээ