ЗАВХАН: Хүүхэд залуучууд байгаль хамгаалах тунхаг бичиг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-23 10:03:17

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, зөв дадал хэвшлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Завханы залуучуудын хүч” үйл ажиллагаа боллоо.


Тус үйл ажиллагаанд 10 сумын 60 гаруй хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцов. Чуулганы үеэр оролцогчид байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр санал санаачилгаа нэгтгэн хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлсон “Тунхаг бичиг” боловсруулан баталжээ.


Тунхаг бичигт сурагч, хүүхэд, залуучуудын оролцоотойгоор байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, хаягдал батерей болон дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах, зөв менежментийг хэвшүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан байна. Мөн “Thrift” буюу хэмнэлт, “Flea market” буюу солилцооны өдөрлөг зэрэг байгальд ээлтэй хэрэглээг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулах, иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэх, мод үржүүлэг, мод тарих ажлыг тогтмолжуулах, байгаль хамгаалах уриалгыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зэрэг асуудлыг багтаажээ.


Оролцогчид уг тунхаг бичгийг Завхан аймгийн Байгаль орчны газарт гардуулсан бөгөөд тус баримт бичигт тусгасан ажлуудыг хүүхэд, залуучуудын санаачилгад тулгуурлан мэргэжлийн байгууллагууд дэмжин хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.


“Завханы залуучуудын хүч” чуулган нь Монгол экологи төвийн “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд хүүхэд, залуучуудын байгаль орчин, тогтвортой хөгжлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.


Чуулганд 15-18 насны сурагчид оролцож, өөрсдийн оршин суугаа орон нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргах үйл явцад оролцох замаар манлайллын чадвараа хөгжүүлдэг байна. Мөн тэд хог хаягдлыг ангилан ялгах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зэрэг тодорхой санаачилгуудыг дэвшүүлж, залуусыг хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг талаар Завхан аймгийн Байгаль орчны газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болор-Эрдэнэ мэдээллээ.


Холбоотой мэдээ