Сургуулийн өмнөх боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын хувийн цэцэрлэгүүдийн “Боловсролын өсөлт” холбооны төлөөлөлтэй Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзлаа.
Уулзалтын үеэр хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн юм. Одоогийн байдлаар хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27.600 гаруй хүүхэд суралцаж байгаа бол сүүлийн таван жилийн судалгаагаар цэцэрлэгийн тоо 128, хамрагдах хүүхдийн тоо 4984 буурсан үзүүлэлттэй байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 96 хувьд хүргэхэд хамтран ажилласныг талууд онцоллоо. Уулзалтаар дараах асуудалд анхаарч, хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Сургуулийн өмнөх боловсролын сургалтын чанарыг
сайжруулах
- Тусгай боловсролын багш нарыг мэргэшүүлэх, чадавхжуулах
- Таван настай хүүхдийн цэцэрлэгийн хамрагдалтыг 100 хувьд
хүргэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
- Тусгай хэрэгцээт боловсрол, тэр дундаа хэл засалч багш
бэлтгэх, мэргэшүүлэх
- Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын тогтолцоог шинэчлэх,
нэмэгдүүлэх
- Үнийн өсөлт, багшийн цалингийн нэмэгдлийн нөлөөллийг
бууруулах
- СӨБ-ын байгууллагын бизнес
конференцыг хамтран зохион байгуулах
- “Хотхоны бага сургууль” төслийн
хүрээнд хувийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх
Мөн талууд
хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ
шатанд гарган ажиллахаар санал нэгдлээ. Мөн дээрх чиглэлүүдийг
бодлого, зохицуулалтын түвшинд дэмжин ажиллахаа сайд илэрхийлсэн талаар Боловсролын Яамнаас мэдээлэв.