Азийн орнуудын цэргийн зардал хамгийн ихээр өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-27 16:38:24

БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Anadolu/.  2025 онд Ази, Далайн орнуудын цэргийн зардал 681 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 8.1 хувиар өссөн нь 2009 оноос хойших жилийн хамгийн их хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон тухай дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) даваа гарагт нийтэлсэн тайландаа дурдсан байна. 


Дэлхийн улс орнуудын цэргийн нийт зардал өмнөх оныхтой харьцуулахад 2025 онд 2.9 хувиар өсөж, 2.887 их наяд ам.долларт хүрчээ.


АНУ, Хятад, Орос улсууд цэргийн зардлаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тус гурван улсын нийт зардал 1.480 их наяд ам.доллар буюу дэлхийн улс орнуудын нийт зардлын 51 хувийг эзэлж байна.


Цэргийн зардлаар хоёрдугаарт жагсаж буй БНХАУ-ынх 7.4 хувиар өсөж, 336 тэрбум ам.долларт хүрсэн бол тавдугаарт бичигдэж буй Энэтхэгийн зардал 92.1 тэрбум ам.долларт хүрч, 8.9 хувиар өсжээ. 


Японы цэргийн зардал 9.7 хувиар өсөж, 62.2 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 1.4 хувьтай тэнцэж байгаа ба 1958 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Тайванийн цэргийн зардал 14 хувиар нэмэгдэж, 18.2 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ийх нь 2.1 хувийг эзэлжээ.


Ойрх Дорнодын орнуудын цэргийн зардал 2025 онд 218 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2024 оныхтой харьцуулахад дөнгөж 0.1 хувиар өссөн байна.


Израилын цэргийн зардал 4.9 хувиар буурч, 48.3 тэрбум ам.доллар болсон нь 2025 оны нэгдүгээр сард "ХАМАС" бүглэлтэй байгуулсан гал зогсоох хэлэлцээр байгуулснаар Газын зурваст дайны эрчим буурсантай холбоотой гэж тайланд дүгнэжээ.

Холбоотой мэдээ