ДАШТ-ий шагналын санг ФИФА нэмжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2026-04-27 17:19:48

МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. Зарим улс орны хөл бөмбөгийн холбоод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) зардал их байгаад санаа зовж буйгаа илэрхийлсний дараа Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) тэмцээний шагналын санг нэмэгдүүлэхийг зарчмын хувьд зөвшөөрсөн тухай "Guardian" сонинд мэдээлжээ. 


Өнгөрсөн оны 12 дугаар сард ФИФА-гийн зөвлөл тэмцээний шагналын санг түүхэн дэх хамгийн өндөр буюу 727 сая ам.доллароор баталсан ба тэмцээнд оролцох эрхээ авсан шигшээ багуудын үндэсний холбоод дор хаяж 10.5 сая ам.доллар авах юм.


Нэмэлт санхүүжилтийг энэ долоо хоногт Ванкуверт болох ФИФА-гийн зөвлөлийн хурлаар эцэслэн батлах ажээ. Ийнхүү ФИФА зарим үндэсний холбоодын тавьсан зардлын асуудлыг шийдвэрлэлээ. АНУ-д энэ зун болох тэмцээний үеэр аяллын зардал, үйл ажиллагааны зардал болон татвар өндөр байгаагаас шалтгаалан багууд амжилттай оролцсон хэдий ч алдагдал хүлээх эрсдэлтэй байгаа талаар зарим улс орны хөл бөмбөгийн холбоод санаа зовж байгаагаа илэрхийлжээ. 


Түүнчлэн ФИФА-гийн гишүүн бүх 211 холбоонд олгодог хөгжлийн санхүүжилтийг мөн нэмэхээр хэлэлцэж байгаа аж.


АНУ, Канад, Мексикт анх удаа 48 орны хөл бөмбөгийн шигшээ баг оролцох ДАШТ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. 

Холбоотой мэдээ