БАЯНХОНГОР: Хөвгүүд эерэг нөлөөллийг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-27 19:04:18
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. ”Хөвгүүдийн клуб”-ийн сурагчдыг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг Бууцагаан сумд зохион байгуулж байна. 

Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Жендэрийн салбар хороо, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Эрүүл мэндийн газар хамтран хийж байгаа юм.

Чадавхжуулах сургалтад Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумын 30 гаруй сурагч хамрагдаж байгаа бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл, амьдралын зөв дадлыг хэвшүүлж, эерэг нөлөөллийг бий болгох багц мэдээллийг олгож байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар, эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехникийн коллежийн дэргэд "Хөвгүүдийн клуб"-ийг байгуулан үйл ажиллагаа явуулж буй. Ингэснээр хөвгүүд өөрсдийн асуудлыг тодорхойлж гарц, шийдлийг хайх замаар өсвөр насны хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг хялбар шийдэх боломж бүрдэх юм.

"Хөвгүүдийн клуб"-үүд нь өсвөр насны хөвгүүдийг өөртөө итгэлтэй, хариуцлагатай, манлайлах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд,
Хувь хүний хөгжил: Хариуцлага, ёс зүй, харилцааны соёлд суралцах.
Эрүүл мэнд: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох.
Манлайлал: Олон нийтийн ажилд оролцох, багаар ажиллах болон бусдыг уриалах чадварыг хөгжүүлэх.
Жендэрийн эрх тэгш байдал: Гэр бүл болон нийгэм дэх эрэгтэй хүний эерэг үүргийг ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ