БАЯНХОНГОР: Харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-21 16:49:52

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан, Заг сумын Баян-Улаан, Баянхайрхан, Өлзийт сумын Ёлын ам, Галуут сумын Баяннуур болон Мандал багуудад харилцаа холбооны сүлжээг нэвтрүүлэхээр болсон байна.


Энэ онд хангайн бүсийн гурван аймгийн 25 цэгийг харилцаа холбооны сүлжээнд холбохоор төлөвлөснөөс тус аймгаас дээрх сум, багууд багтаж байна. Мөн эдгээр цэгүүдэд “Старлинк” төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж, холбогдох шатны бэлтгэл ажлыг эхлүүлжээ.


Ингэснээр иргэд гар утсаараа интернэтийн үйлчилгээ авах, тухайлбал мэдээ, мэдээлэл хүлээн авах, цахим сургалтад хамрагдах, эрүүл мэндийн цахим үйлчилгээ ашиглах боломжтой болно. Мөн гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээн авч, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхээс гадна төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээнд хамрагдах боломж нэмэгдэх юм.


Баянхонгор аймаг 20 сум, 104 багтай. Аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум Баянбулаг сум 276 км бол хамгийн ойрын сум 17 км-т Өлзийт сум байна.


Холбоотой мэдээ