Е.Зангар: Ерөнхийлөгчийн айлчлалаар гурван асуудал шийдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-27 19:59:30

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж тус улсад ажиллаад ирсэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар мэдээлэл өглөө.


Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаад ирлээ. Ерөнхийлөгч болон дагалдан явсан Засгийн газрын гишүүд өндөр ач холбогдол бүхий хэлэлцээрүүдийг байгуулсан. Үүний хүрээнд манай аймагтай холбоотой гурван томоохон асуудал шийдэгдэхээр болсон” хэмээн мэдээллээ.

 

Нэгдүгээрт, иргэдийн олон жил хүсэн хүлээж байсан Казахстаны Өскемен хот болон Баян-Өлгий аймгийн хооронд шууд нислэг эхлэхээр болж, хоёр тал энэ талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Түүнчлэн манай аймгийн нисэх буудалд Зам, тээврийн яамнаас олон улсын нислэг үйлдэх эрхийн зөвшөөрөл олгосон. Ингэснээр 2012 онд зогссон хоёр улсын хоорондын нислэгийг сэргээх боломж бүрдэж байгаа нь чухал шийдвэр юм.

 

Хоёрдугаарт, Монгол-Казахстаны хооронд авто замаар зорчих хамгийн дөт чиглэлийг тодорхойлж, ашиглалтад оруулах талаар хоёр улсын хооронд хэлэлцээр байгууллаа. Энэ хүрээнд хамтарсан ажлын баг байгуулахаар тохиролцсон. Ингэхдээ одоо ашиглаж буй Монгол-Орос-Казахстан чиглэлийн замыг бус, зөвхөн хоёр улсын хооронд шинэ чиглэл тогтоохоороо онцлог юм.

 

Гуравдугаарт, Казахстан Улсын Консулын газрыг манай аймагт нээж ажиллуулах талаар хоёр тал харилцан тохиролцоонд хүрсэн. Энэ нь Монгол-Казахстаны хооронд байнга зорчиж, худалдаа наймаа эрхэлж амьдардаг иргэдэд ихээхэн ээлтэй шийдвэр юм. Энэ удаагийн айлчлалын үеэр Казахстаны талаас Өлгий хотод Консулын газар байгуулах санал тавьсныг манай улсын талаас хүлээн зөвшөөрсөн байна. Ингэснээр хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэхээс гадна аялал жуулчлал болон бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна” хэмээв.

Холбоотой мэдээ