Өсвөрийн волейболын тэмцээнийг Төв аймгийн баг өнгөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-27 21:50:11

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Канвон мужийн Чорвон хотод 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулсан “Korean volleyball challenge-2026” өсвөрийн волейболын тэмцээнд Төв аймгийн “Зуунмод" клуб болон Цээл сумын баг, тамирчид амжилттай оролцож, шагналт байрт шалгарчээ.


Уг тэмцээнд 28 багийн 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсаас 4 баг оролцсон байна. Эрэгтэй, эмэгтэй ангилалд Төв аймгийн “Зуунмод" клуб тэргүүн байрт шалгарсан бол гуравдугаар байрыг Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн багийн тамирчид эзэлжээ. 


Тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”-аар “Зуунмод" клубийн багш, дасгалжуулагч, спортын мастер А.Дуламсүрэн, А.Галхүү нар шалгарсан бол MVP буюу “Шилдэг тоглогч”-оор Р.Мөнх-Эрхэм, Ш.Мөнхгэрэл нар тус тус шалгарчээ.


Багш, дасгалжуулагч, спортын мастер А.Дуламсүрэн, "Хүүхдүүдээ уг тэмцээнд хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэсэн. Волейболын спорт нь багийн тоглолт тул тамирчдын хувийн ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ багаар ажиллах чадварыг давхар төлөвшүүлэхэд онцгойлон анхаарсан. Өмнө нь БНСУ-ын "Astrohigh" клубийн дасгалжуулагчид Төв аймагт ирж, хүүхдүүдийг бэлтгэсэн нь олон шинэ арга барил, туршлага эзэмших боломж олгосон бөгөөд энэ нь тус тэмцээнд амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн" гэдгийг онцоллоо.



Холбоотой мэдээ