УВС: Шугаман бүжгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх бүсийн уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс Баруун бүсийн найман аймгийн шугаман бүжгийн тамирчдын сургалт, уулзалтыг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаангом суманд зохион явууллаа.
Бүжгийн спортыг хөгжүүлэх, оролцогчдын ур чадварыг ахиулах, харилцан туршлага солилцох, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалт, уулзалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгаас 300 гаруй хүн оролцжээ.
"Шугаман бүжиг нь хүний биеийг эрүүлжүүлж, идэвхтэй, эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэмждэг спортын нэг төрөл юм. Иргэдийг шугаман бүжгээр хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнд уриалах, эрүүл мэнддээ анхаарах соёлыг төлөвшүүлэх зорилгоор баруун бүсийн аймгуудын шугаман бүжгийн сургалт, уулзалтыг анх удаа Увс аймагт зохион байгууллаа.
Баруун бүсийн аймгуудын шугаман бүжгээр хичээллэдэг тамирчид хүрэлцэн ирж, туршлага солилцон хоёр өдрийн турш бүжгээр амьсгалсан, идэвхтэй хөдөлгөөн, эрч хүч дүүрэн амралтын өдрүүдийг өнгөрөөлөө. Энэ үеэр 300 гаруй хүн оролцсон шугаман бүжгийн үзүүлэх сургуулилалтыг Маршал Ю.Цэдэнбалын талбайд зохион байгуулсан бөгөөд нийтийн цэнгээнт бүжгийн үдэшлэг мөн зохиож, бүжгийн урлагийн гайхамшгийг олон нийтэд харууллаа.
Уг үйл ажиллагаа нь баруун бүсийн аймгуудын иргэдэд шугаман бүжгийн ач холбогдлыг таниулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд хувь нэмэр оруулсан. Увс аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс ажлын өдрүүдэд 08:00-09:00 цагийн хооронд шугаман бүжгийн сургалтыг үнэ төлбөргүйгээр тогтмол зохион байгуулж байна. Хүссэн хүн бүр ирж, шугаман бүжгийн спортоор хичээллэхийг урьж байна” хэмээн Увс аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Т.Тогтохбаяр онцоллоо.
