УВС: Тэс суманд аврах бүлэг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат Тэс суманд ажиллаж, сумын удирдлага болон төрийн албан хаагчидтай уулзан, гамшиг, ослын үед шуурхай ажиллах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлаар санал солилцож, Онцгой байдлын аврах бүлэг байгуулах талаар хэлэлцсэн байна.
Тэс сум нь аймгийн төвөөс алслагдсан, зам харилцаа хүндрэлтэй бүсэд байрладаг тул онцгой тохиолдолд аврах, шуурхай алба цаг алдалгүй хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг байна. Иймд тус суманд Онцгой байдлын аврах бүлэг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөжээ.
Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга төрийн албан хаагчдад хандан мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, үнэн зөв, нээлттэй хүргэх, төсвийн зарцуулалтыг үр ашигтай байлгах, Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах зэрэг үүрэг чиглэл өгсөн байна.
Тэс суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн шинэ цэцэрлэг, Тэс-Улаангом чиглэлийн засмал замын эхлэл, аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр Нарийны голын гүүрний их засвар болон 100 тоннын багтаамжтай хөргүүрийн нийлүүлэлт зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
