СЭЛЭНГЭ: Мэргэжлийн сургалтын дэд бүтцийг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал, Шаамар сумын Политехник коллеж болон Дархан-Уул аймгийн хөдөө аж ахуйн чиглэлийн сургуулиудад Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын санхүүжилттэй “Чадварлаг боловсон хүчнээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь” төслийг хэрэгжүүлнэ.
Уг төсөл
нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын дэд бүтцийг
бэхжүүлж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх замаар хөдөө аж ахуйн салбарын ажиллах
хүчний ур чадварыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон
хүчин бэлтгэх зорилготой юм.
Төслийн хүрээнд багшийн хөгжлийн төв байгуулж, дөрвөн дадлагын бааз шинээр барина. Мөн оюутны дотуур байрыг шинэчлэн, сургалтын тоног төхөөрөмжийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах юм.
Төслийн гол хэрэгжилт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Зүүнхараа политехник коллеж дээр төвлөрөх бөгөөд Дархан-Сэлэнгийн бүс нутагт хөдөө аж ахуйн чиглэлийн жишиг дадлагын бааз, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв байгуулахаар төлөвлөж байна. Энэ төв нь дижитал болон ногоон технологид суурилсан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хөгжүүлэхэд чухал алхам болох юм.