ХӨВСГӨЛ: Аутизмын чиглэлийн сургалт, нөлөөллийн ажлыг тогтмолжуулах шаардлагатайг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-27 12:22:50

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарыг дэлхий нийтээр “Аутизмыг таниулах сар” болгон тэмдэглэдэг бөгөөд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн сурч хөгжих, бие даан амьдрах, нийгэмд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг сайжруулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.


Энэ хүрээнд Хөвсгөл аймагт “Ойлгоё, хүндэлье, дэмжье” уриан дор сургалт, өдөрлөг, эрүүл мэндийн үзлэг, оношилгоог “Аутизм ба гоц ухаан” НҮТББ санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.


Хөвсгөл аймагт аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй 71 гэр бүл бүртгэлтэй байдаг.


Эдгээр хүүхдүүдтэй өдөр тутам ажилладаг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш нар, мөн эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Сургалтад аймгийн 15 сумын нийт 236 багш хамрагдаж, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, ойлголтоо гүнзгийрүүлэн, практик мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь аутизмтай хүүхдүүдийг ойлгох, хүндэтгэх, дэмжих нийгмийн эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ийм төрлийн сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатайг оролцогчид онцолж байв.



 


Холбоотой мэдээ