ХӨВСГӨЛ: Хаврын тариалалтыг 5 дугаар сард эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хаврын тариалалтыг 5 дугаар сарын 1-нээс эхлүүлнэ.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 19852 тонн улаан буудай, 3198 тонн хүнсний ногоо, 1769 тонн төмс, 1120 тонн тосны ургамал, 7889.7 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна. Энэ нь орон нутгийн улаан буудайн хэрэгцээг 100 хувь, төмсний 35.7 хувь, хүнсний ногооны 29.8 хувийг хангажээ.
Энэ хавар 14.3 мянган га талбайд тариалалт хийж, гурилын хэрэгцээг 100 хувь ханган, дотоодын төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.
Мөрөн сумын хэмжээнд өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хүлэмжийн аж ахуй эрхлэх” сургалтыг багуудад зохион байгуулж байна. Сургалтад Мөрөн сумын 14 багийн иргэд хамрагдаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг мэдлэг, ур чадвараар хангаж, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
Сургалтаар оролцогчдод хүлэмжийн аж ахуй эрхлэх анхан шатны мэдлэг, мэргэжлийн тариалалтын арга зүй, өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломж, зөвлөмж, мөн аймагт бий болсон ажлын байрны талаарх мэдээллийг өгч байна.
Сургалтад хамрагдсан 1400 өрхөд хүлэмж олгож, Мөрөн сумын иргэдийг нарийн
ногоогоор бүрэн хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэж ХХААГ-ын дарга
Г.Баттулга ярилаа.