ХӨВСГӨЛ: БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын эмнэлгийн эмч нартай туршлага солилцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-20 12:23:07

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ӨМӨЗО-ы Ардын эмнэлэгтэй эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байна.


Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр нар 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-д албан томилолтоор ажиллаж, Ардын олон улсын эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.


Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн иргэд ӨМӨЗО-ы Ардын эмнэлэгт орчин үеийн оношилгоо, эмчилгээ болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд туршлага судлах боломж бүрдсэн юм.


Тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан баг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлэгт туршлага судлахаар боллоо. Багийн бүрэлдэхүүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах болон Уламжлалт анагаах ухааны тасгийн эмч, арга зүйчид, мөн 17 сумын 26 багийн бага эмч нар багтаж байна.


Орон нутагтаа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадваржуулах БНХАУ-д багийн эмч нарыг туршлага судлахад аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа юм.


Хөх хотын Ардын эмнэлэг нь 1947 онд байгуулагдсан, ууган эмнэлгүүдийн нэг бөгөөд нийт 2700 ортой, 5000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллага байна.

Холбоотой мэдээ