ХӨВСГӨЛ: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зургаан бүсэд эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-20 14:54:52

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хууль, эрх зүйн болон гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.


Тус ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн төрийн албан хаагчид орон нутагт зургаан бүсэд хуваагдан салбар нэгж, байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийх, ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд ажиллах, иргэдэд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, орчны эрсдэл, аюулгүй байдлын үнэлгээг хийж эхэллээ. Тухайлбал, иргэд болон төрийн албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж, хууль эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг явуулж байна.


Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай сургалт, нөлөөллийн ажил, түүнчлэн архидан согтуурах болон түүнээс үүдэлтэй зөрчлийн хор уршгийг таниулах сургалт, уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

 

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, цахим залилангаас урьдчилан сэргийлэх зорилготой нөлөөллийн арга хэмжээ болон иргэдэд хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг өнөөдрөөс эхлэн бүх сумын хэмжээнд зохион байгуулж эхэлжээ.






Холбоотой мэдээ