ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрээр импортын тарифыг 89 хүртэлх хувиар бууруулах боломж бүрджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн “Евроазийн Эдийн Засгийн Холбоо ба Монгол Улс: боломж, сорилт” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монгол болон Евроазийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилт, эдийн засаг, худалдаа, экспорт, импортын бодлогод үзүүлэх нөлөө, цаашдын боломж, сорилтыг олон талын оролцоотойгоор хэлэлцэх зорилготой аж.

Хэлэлцүүлэгт ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм
шинжилгээний тэргүүлэх ажилтан А.Даваасүрэн
“Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудын худалдааны өнөөгийн байдал”,
МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор (Ph.D), профессор Н.Отгонсайхан “Монгол
Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн
Монгол Улсын гадаад худалдаанд үзүүлэх нөлөө”, ГЕГ-ын Ёс зүйн дэд хорооны
дарга, доктор (Ph.D) Д.Цэндсүрэн “Худалдааг хөнгөвчлөх болон институтийн хамтын
ажиллагааны зохицуулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан А.Даваасүрэн ярихдаа “Евроазийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг манай улс 2025 оны арванхоёрдугаар сар соёрхон баталсан байдаг. Энэ хэлэлцээр ашигтай юу, үгүй юү гэх үр дүнг мэдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Ер нь уг хэлэлцээрт орхигдуулсан зүйлүүд байгаа учраас улам баяжуулж, сайжруулах шаардлагатай. Тухайлбал, Бид ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүчний хувьд хараат байдаг бөгөөд үүнийг тарифын хөнгөлөлтөд оруулах ёстой. Мөн ОХУ болон Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд манай улсаас мах импортолж авах бол мөн адил тарифын хөнгөлөлт эдлэх, техникийн шаардлагаа зөөллөх гэх мэтээр уян хатан зохицуулалт хийвэл хоёр талдаа ашигтай байж, үр өгөөжөө өгнө” гэв.

Харин Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр “Монгол бол Евроазийн эдийн засгийн холбооны жинхэнэ гишүүн биш. Ажиглагч гэж статус ч байхгүй. Монголыг зургаа дахь гишүүнээр урьж байсан юм, энэ холбоо. Тэгвэл манай улсын хувьд ямар ач холболтой вэ. Дээрх холбооны гишүүн таван орон Монголоос импортлох 370 гаруй багц бүтээгдэхүүний 95 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай байгаа юм. Энэ бол Монголын экспортод маш чухал. Мөн таван улсаас Монгол руу экспортлох бараа бүтээгдэхүүний 81 хувь нь манай улсад бараг үйлдвэрлэдэггүй аж үйлдвэр болон химийн чиглэлтэй бүтээгдэхүүн байгааг гаалийн татвараас чөлөөлөх нь зүйтэй. Евроазийн эдийн засгийн холбооны таван улсаас импортолдог өндөг, улаан буудай зэрэг бүтээгдэхүүнд квот тогтоосон. Тэр квотоос илүү гарвал тариф 100 хувиар үйлчилнэ. Монгол Улсын экспорт үндсэндээ Хятад руу чиглэсэн уул уурхайн бүтээгдэхүүн байгаа юм. Тэгвэл хил залгаа бүс нутгүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолж чадахгүй байлаа. ОХУ-тай хуучнаараа бүтээгдэхүүн гаргах гэхээр энэ улс маань Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн болчихсон. Ингэхээр асуудлаа хоёр талын гэрээгээр зохицуулах боломжгүй болсон. Тиймээс түр гэрээ байгуулснаар асуудлаа шийдэж байгаа юм” хэмээн ярилаа.
Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудын хооронд 2025 оны зургаадугаар сарын 27-нд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээр нь гурван жилийн хугацаатай бөгөөд хоёр талаас ижил тооны буюу барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн мөрийн түвшинд 370 гаруй нэр төрлийн бараанд импортын гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохирсон байдаг.
Энэ хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн гаралтай экспортын бараанд ногдуулж буй 15-50 хувийн тариф бууруулах, мөн Монгол Улсад үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай 42 нэр төрлийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний импортын тарифыг 89 хүртэлх хувиар бууруулах боломж бүрджээ.
Түүнчлэн хоёр талын гаалийн бүрдүүлэлтийг дөрвөн цагийн дотор хийх зэрэг тарифын бус
саадыг шийдвэрлэхээр тусгасан нь худалдааг хөнгөвчлөх чухал алхам болсон юм. Хэлэлцүүлгийн үеэр
гэрээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хэлэлцээрт тусгаагүй стратегийн ач
холбогдол бүхий импортын зарим бараа, бүтээгдэхүүнийг нэмж тусгах боломжийг
судлах, Монголын экспортод одоо ч тулгарч буй тарифын бус хориг саадыг арилгах,
геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэлийг бууруулах бодлогын шийдлийг
тодорхойлох шаардлагыг онцлон тэмдэглэлээ.



