ХОВД: Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломжуудыг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-27 17:25:34

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн, бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр Ховд аймагт боллоо.

Тус үйл ажиллагааны хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх талаар орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл түгээв. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд дэвшилтэт технологи, ногоон зээлийн нөхцөл, санхүүгийн боломжууд, эрчим хүчээ хэмнэж, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх журам болон бусад асуудлаар зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. 


УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Э.Болормаа болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцлоо. 


Энэ үеэр албаны төлөөллүүд  "Сэргээгдэх эрчим хүч нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах хамгийн оновчтой шийдэл бөгөөд төрөөс гадна иргэн бүрийн оролцоо чухал.

2025 онд УИХ-аас 20 кВт хүртэлх хүчин чадалтай эх үүсвэрийг төвийн сүлжээнд саадгүй холбож, илүүдэл эрчим хүчээ борлуулах боломжийг айл өрхөд нээсэн нь хэрэглэгчийг үйлдвэрлэгч болгох чухал алхам болсон.

Ховд аймагт 19.8 МВт нарны станц, батарей хуримтлуурын төслүүд, мөн баруун бүсэд томоохон станцын төсөл хэрэгжиж, эрчим хүчний хангамжийг бэхжүүлж байна. 

Эрдэнэбүрэний усан цахилгаан нь системийн найдвартай байдлыг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэх суурь дэд бүтэц болно. Мөн “Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүд дэд бүтцэд холбогдож, нарны эрчим хүч ашиглан зардлаа бууруулж, илүүдлээ борлуулах боломж өргөжиж байна" гэх мэдээллийг онцлоод ногоон эрчим хүчийг хөгжүүлж, бие даасан байдлаа бэхжүүлэхэд идэвхтэй оролцохыг уриаллаа.    


Холбоотой мэдээ