Боксын хүч, иогийн зөөлөн хэмнэл зүрх сэтгэлийг минь тэнцвэртэй болгодог
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Гурван ахтай, айлын ганц охин болохоор багаасаа эршүүд, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Хичээллэсэн өдрөөсөө л бокст дурласан. Бокс надад тэсвэр тэвчээр, өөрийгөө хянах чадварыг өгдөг.
Дунд ангидаа зургийн сургуульд орсноор амьдралыг өөр өнцгөөс харах болсон. Урлагаар дотоод ертөнцтэйгөө холбогдож, хөгжим сонсон, үгээр хэлж чадахгүй мэдрэмжээ өнгө, хэмнэлээр илэрхийлэх сайхан л даа. Энэ орон зайд ханьтайгаа учирч гурван хүүтэй болсон доо.
Манай амьдрал бужигнаан, “тэмцэл” дунд өрнөдөг. Завгүй, олон үүрэг хариуцлагын дунд иогийн багш ч боллоо. Анх иог хийхэд удаан, чимээ аниргүй эвгүй санагдаж байсан ч аажмаар амьсгалаа анзаарч төвлөрөөд, биеэ сонсож эхлэхэд иог ямар их утга учиртай, хэрэгтэйг ойлгосон. Иог бол энгийн нэг дасгал биш, өөрийгөө тайвшруулж, дотоод тэнцвэрээ олох арга байсан.
Боксын хүч, иогийн зөөлөн хэмнэл зүрх сэтгэлд минь маш гоё тэнцвэр бий болгосноор амьдрал, ажил, гэр бүлийнхээ дунд илүү тэнцвэртэй, эрч хүчтэй байдаг болсон шиг санагддаг. Хүчтэй байх нь зөөлөн байхын эсрэг биш, харин түүнийг илүү утгатай болгодог юм шиг. Урлагаа ч орхилгүй иогтой хослуулж жижигхэн студи нээсэн. Хувь хүнд гайхалтай мэдрэмж өгч, өөрийн “би”-тэйгээ хамт байж, бүрэн амрах тэр л орон зай бүрдүүлэхийг хүсдэг юм.
Зураач, иогийн багш, боксын хорхойтон Г.Мөнхтуяа