160 тонн хүдэр тээвэрлэгчийн жолооч монгол охин

МОНГОЛ ХЭМНЭЛ
b.tuul@montsame.gov.mn
2026-04-10 10:15:47

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Намайг Ганбаатар овогтой Сугарсүрэн гэдэг. 2022 оноос хойш Оюу толгой компанийн Гүний уурхайн олборлолтын хэлтсийн өөрөө буулгагч машины оператораар ажиллаж байна.


Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг. Гурван охинтой айлын дундах. Биеэ даасан, хэрсүү охин болж өссөн нь аавтай минь холбоотой. Аав маань тээврийн жолоочоор 22 жил ажилласан. Аав холын тээвэрт ногоон өнгийн “ЗИЛ-130” машинаар олон хоногоор явдаг байж билээ. Аавыгаа их санадаг байсан юм уу, холын тээврээс ирэхэд нь машиных нь дуугаар таньж, гэрээсээ гүйж гараад хашааныхаа хаалгыг онгойлгодог тийм л охин байв. Аавтайгаа машин засаж, техниктэй ойр өссөн минь одоогийн минь мэргэжил сонголтод нөлөөлж дээ гэж боддог.


Миний одоогийн жолооддог машин бол Mersedes benz Road Train RT буюу Оюу толгой компанийн Гүний уурхайн хамгийн том техник юм. Машины өөрийн жин 90 тонн, хоёр чиргүүлтэй, нийт 160 тонн хүдэр тээвэрлэдэг. Машинаа анх барьж сурахын тулд сургалтад хамрагдаж, гүний уурхайд багштайгаа 4 хоног дадлага хийсний дараа жолоодох эрхээ авч байлаа. Мэргэжилдээ сонирхолтой болоод  тэр үү дороо л барьж сурсан.


Гүний уурхайд ажиллана гэдэг тун хариуцлагатай ажил. Осол авааргүй ажиллахыг хамгийн түрүүнд мөрдлөг болгохын сацуу хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулах нь түүнээс дутахгүй чухал. Ажлын хуваарь 14/14 хоног байдаг. Сарын талд нь бүх анхаарлаа ажилдаа бүрэн хандуулж, үлдсэн хугацааг нь сурч боловсроход зарцуулдаг. Миний дараагийн төлөвлөгөө бол уул уурхайн чиглэлээр суралцах.  


Би дэлхийн хэмжээний том уурхайд ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрийг оруулж байгаагаараа бахархдаг. Оюу толгой компанид ажилласнаараа багаар ажиллах, төлөвлөх, аюулгүй ажиллагааг хангах зэрэг ур чадварыг залуу насандаа эзэмшиж, гайхалтай туршлага хуримтлуулж явна.

 

 

Холбоотой мэдээ