Морин дээрээс 7 секундэд 10 сум харвах мэдрэмж
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын морьт харваачид хамгийн анх БНСУ-ын Чэжү хотод 2004 онд олон улсын тэмцээнд оролцож байсан бяцхан хөгжилтэй түүхээсээ хуваалцъя.
Гадны тамирчид сайн харвадаг ч тодорхой хэмжээнд сургасан морьд унадаг. Харин биднийг очиход эмнэг адуунууд нь тунаад үлдсэн байв. Тухайн үед бид харвах техникээсээ илүү адуундаа бол "эзэн" байлаа. Эмнэгээс ойчихгүйгээ мэдэх хойно доо.
Тэндэхийн үзэгчид “Эмнэг булгиад эрсдэлтэй нөхцөлд байхад та нар инээх юм. Яаж ойчихгүй тогтох вэ гэх байтал инээх завтай байх юм, ямар учир байна” гээд их гайхацгаадаг байлаа. Бүр нусаа нийх зав ч гаргах үе эмнэг сургаж байхад тулгардаг гэвэл хүмүүс пүү пай л гэх байх. Гэхдээ гадны жуулчин бүр гайхаад барахгүй байсан шүү. Энэ бол бидний цусанд байгаа чадвар шүү дээ. Адуу малтай ноцолдож өссөн хүний бардамнал ч гэх юм уу даа. Тэмцээн дуусахад морьдыг нь ёстой бүрэн сургаад өгсөн байж билээ.
Морьт харваа өөрийгөө ялдаг спорт учир сэтгэл зүй, төвлөрөл чухал байдаг. Үндэсний сурын нэг сум тавих хэмжээнд 5-10-ыг тавина. Бодож төлөвлөөд, бүх юмаа хянана. Ойрхон олон сум харвахад эхнийхийгээ харваагүй байж дараагийнх амжих болов уу гэж бодвол амжилтгүй болно. Яарвал байнуудын дунд тархи сарнидаг. Яарсан хүн дутуу үйлдэл хийдэг тул хүлээж, тогтож харва гэж зөвлөдөг. Үзэгч харахад жирэлзээд өнгөрч буй мэт ч хүлээж, мэдрээд харваж буй хүнд хурдан үйлдэл нь бодол дунд киноны удаашруулсан дүрс шиг л мэдрэгддэг. Бай бол сандарсан үед ялаа нисэх мэт хурдан ч мэдэрсэн хүнд “Намайг онооч ээ” гээд зогсдог юм шүү дээ. Ийм мэдрэмж орж иртэл дасгалжуулагч тамирчин хоёр ажиллана. Зуун метр зайг 7 секундэд туулахдаа 10 сум харвах нь ур чадвар, мэдрэмж юм даа.
Монголын Морьт харвааны холбооны тэргүүн, “Хан Монгол” морин циркийг үүсгэн байгуулагч Ш.Цогтхүү