Хилийн чанадад сурч, эх орондоо ирэх сонголтыг хийсэн маань оносон
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Намайг Хүрэлчулуун овогтой Энхжин гэдэг. 2018 онд Канад улсын Сенека коллежид нисгэгчийн мэргэжил эзэмшсэн.
Агаарын тээврийн “Хүннү Эйр” компанид 7 дахь жилдээ ажиллаж байна. Embraer190/195 онгоцны хамтран нисгэгчээр ажилладаг.
Нисэхийн салбарт ажиллах нь миний бага насны мөрөөдөл байсан. Өвөө маань нислэгийн удирдагч мэргэжилтэй хүн
байсан. Өвөөгөө амьд сэрүүнд нь
харж байгаагүй ч дүрэмт хувцастай зургийг нь харах бүрд нисгэгч болох мөрөөдөлдөө хөтлөгддөг байв.
Нисгэгч болох жигүүрийг ургуулсан
өөр нэг хүн бол миний ээж. Нисэхийн салбарын
санхүүгийн албанд ажилладаг ээжийгээ дагаж ажил дээр нь их очно оо. Очих бүрдээ
онгоц хөөрч буухыг харсаар бүр дасчихсан.
Энэ хоёр хүн л надад нисгэгч
болох жигүүрийг ургуулсан юм.
Нисгэгч хүний туршлага хэдэн жил
ажилласан гэхээсээ илүү хэдэн цаг ниссэн гэдгээрээ үнэлэгддэг. Одоо би 4600 гаруй цагийн нислэг үйлдээд байна.
Нисгэгчээр ажиллахад эмэгтэй
байна уу, эрэгтэй байна уу онцын ялгаа байхгүй. Ижил шалгуураар шалгагдаж, ижил
ачаалал авч, ижил албан үүрэг
гүйцэтгэж, ижил хариуцлага хүлээж байгаа болохоор нисгэгчийн ажил бол хүйс
харгалздаггүй мэргэжил.
Монгол Улсын иргэний нисэхийн
дүрэмд нэг нисгэгч сард дээд тал нь 100 цаг нисэх ёстой гэж заасан. Хаашаа нисэж байгаагаас хамаарч нислэг болгоны хугацаа харилцан адилгүй. Тиймээс ажил амралтын цагаа
тохируулж, тогтсон дүрмийн дагуу ажиллаж амьдрахыг ажил мэргэжил маань шаарддаг. Нисгэгч байна гэдэг үргэлж
өөрийгөө хөгжүүлж, шинийг сурч, түүнийгээ шалгуулж, батлахын нэр юм.
Би анх 2019 онд ATR72 онгоцоор бие даан нислэг үйлдсэн. Ингэснээр Монгол Улсын 13 дахь, мөн 2022 онд Embraer 190 тийрэлтэт
хөдөлгүүрт онгоцоор ниссэн Монголын анхны эмэгтэй нисгэгч болсон.
Нисгэгчийн үнэмлэх чинь хүчин төгөлдөр бол хэзээ ч, хаана ч хүссэн газартаа ажиллах боломжтой. Тиймээс заавал хөгжингүй оронд үлдэж ажиллая гэж анхнаасаа нэг их яараагүй. Миний хувьд харин ч эсрэгээрээ буюу хилийн чанадад сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжил дэвшилд зориулж, ажиллаж амьдрах сонголтыг хийсэн нь оносон сонголт болсон.